Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн суурь мэдээлэл болохуйц томоохон 3 судалгаа болох Бүс, орон нутгийн хүн ам зүйн өрсөлдөх чадварын судалгаа, Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт судалгаа, Монгол Улсын төрөлтийн шинжилгээг тус тус хийлгэснээ өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн, МУИС-тай хамтран олон нийтэд танилцууллаа.

“БҮС, ОРОН НУТГИЙН ХҮН АМ ЗҮЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР” судалгаа нь бодлого боловсруулагчдад хөгжлийн зөв чиглэлийг тодорхойлох, нөөцийг оновчтой хуваарилах, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой юм.Судалгааны үр дүн, дүгнэлтэд үндэслэн бүс, орон нутгийн онцлогт нийцсэн, нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмжүүдийг санал болгосон.

Тухайлбал:
Бүсүүдэд ижил бодлого хэрэгжүүлэх бус, хүн ам зүйн хэв шинжид суурилсан ялгаатай бодлогын багц хэрэгжүүлэх шаардлагатай.
Хөдөлмөрийн нөөц алдагдалтай, залуучуудын шилжилт өндөр бүсүүдэд суурьшил, ажлын байр, боловсрол, үйлчилгээний хүртээмжийг дэмжих бодлого, харин төвлөрөл өндөр бүсүүдэд суурьшлын зохицуулалт, орон сууц, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний багтаамжийг урьдчилан тооцсон бодлого нэн тэргүүнд хэрэгтэй.
Мөн хүн ам зүйн бодлогыг дангаар нь хэрэгжүүлэх бус хөдөлмөрийн зах зээл, боловсрол, ур чадвар, нутагшил–суурьшлын бодлоготой уялдуулсан салбар хоорондын цогц бодлогын багц хэлбэрээр хэрэгжүүлэх шаардлагатай талаар дурдсан байна.

“МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ӨӨРЧЛӨЛТ” судалгааг Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, гэр бүлийн бүтэц, хэв маягт гарч буй өөрчлөлт болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, мөн тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, улмаар гэр бүл төвтэй бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хийсэн.
Судалгаанаас үр дүнгээс дурдвал:
Судалгаанд хамрагдсан нийт өрхийн 61 хувь нь цалин хөлс эсвэл тэтгэвэр тэтгэмж гэсэн ганц эх үүсвэртэй, 30 хувь нь 2 эх үүсвэр, 8 хувь нь гурваас дээш эх үүсвэрээс өрхийн орлогоо бүрдүүлж байна. Өрхийн орлого нь өрхийн хэрэглээний зардал болон өр, зээлийн төлбөрийг л дөнгөж хангаж байгаа бөгөөд хадгаламж, өөрийгөө хөгжүүлэх, аялал зугаалга зэрэг зардалд хүрэлцдэггүй болохыг судалгааны үр дүнгээр харуулж байна.

Гэр бүлийн хүрээнд үүсэж буй зөрчил маргааны гол шалтгаанууд нь үзэл бодлын зөрчил, согтууруулах ундааны хэт их хэрэглээ, харилцан ойлголцол, мөнгө санхүүгийн хомсдолоос үүдэлтэй байна. Судалгаанд оролцогчид гэр бүл цуцлалтад санхүүгийн бэрхшээл, хууран мэхлэлт, хардалт, муу зуршил буюу архи, тамхи, мөрийтэй тоглоом болон хадмуудын оролцоо нөлөөлдөг гэжээ.

Байр орон сууц болон санхүү мөнгөний асуудал нь 18-34 насныхны хувьд нэн тэргүүний бэрхшээлтэй асуудал болоод байна.
МОНГОЛ УЛСЫН ТӨРӨЛТИЙН ШИНЖИЛГЭЭ, БОДЛОГО судалгааны үр дүнгээр, залуучуудын хүүхэдтэй болох хүсэл алга болоогүй, харин орон сууц, тогтворгүй орлого, асаргааны ачаалал, ажил-амьдралын тэнцвэрийн асуудлаас шалтгаалан төрөлтөө хойшлуулж байна. Өөрөөр хэлбэл, нийгэмд “олон хүүхэд зохимжтой” гэсэн үнэт зүйл бүрэн алдагдаагүй, дунджаар 3–4 хүүхдийг хүсэх хандлага хэвээр хадгалагдсаар байна.

Түүнчлэн, оргил төрөх нас 20–24 насны бүлгээс 30-34 насны бүлэг рүү шилжсэн нь бодлогын оролцоо аль насны бүлэгт, аль мөчид чиглэх ёстойг тодорхой харуулж байна.
Судлаачид амьдралын мөчлөгт суурилсан, салбар хоорондын нэгдсэн бодлогын тогтолцоог бүрдүүлэх: Бодлогын зорилго төрөлтийг дэмжих бодлогыг салангид бус, амьдралын мөчлөгийн туршид хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж батлуулахаар ажиллаж байгаа энэ цаг үед дээрх судалгааны үр дүнгүүд маш хэрэгцээтэй чухал судалгаанууд болж чадсан.
Хамгийн гол нь нийгэм, эдийн засгийн бүхий л бодлого хүн ам, гэр бүлийн сайн сайхан байдал, хөгжлийг бий болгоход чиглэгддэг. Энэ утгаараа судалгааны үр дүнгүүд салбар бүрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх бүхий л түвшинд ач холбогдолтой юм.

