
Төвөдийн буддын шашны их багш Банчин Ойбүрүл Ринбүүчигийн санаачилга, хандиваар умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан “CerviCare AI” төхөөрөмжийг Баянгол дүүргийн “Их Амгалан” ӨЭМТ-д хүлээлгэн өглөө.
Энэхүү төхөөрөмжийг БНСУ-ын “NTL Healthcare” компани үйлдвэрлэсэн бөгөөд Монгол Улсад “AI MEDI MONGOLIA” компани нэвтрүүлж байна.

“Нэг ч монгол хүүхэд ээжийгээ бүү алдаасай”
Нийгэмд үйлчилдэг ашгийн бус “Асрал” ТББ нь 2001 онд Банчин Ойбүрүл Ринбүүчигийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд эмзэг бүлгийн өрх, хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, ядуурал, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж иржээ.
Энэ удаа Ринбүүчи багш охид, эмэгтэйчүүд, ээжүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт ашиглах “CerviCare AI” төхөөрөмжийг худалдан авч, “Их Амгалан” ӨЭМТ-д хандивласан байна.
Тэрбээр:
“Монголын бүх ээжүүд, охид, эмэгтэйчүүд эрүүл байж, гэр бүл бүхэн аз жаргалаар дүүрэн байх болтугай. Нэг ч гэсэн монгол хүүхэд ээжийгээ бүү алдаасай. Энэхүү төхөөрөмж олон хүнд бодит тус дэм болж, амь насыг нь хамгаалаасай гэж хүсэж байна” хэмээн захижээ.

Хариуг таван секундэд гаргах боломжтой
“AI MEDI MONGOLIA” компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Оргил төхөөрөмжийн ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.
Түүний хэлснээр умайн хүзүүний хорт хавдар нь Монголын эмэгтэйчүүдийн дундах хавдрын өвчлөлийн тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд жилд дунджаар 350–400 эмэгтэй шинээр оношлогдож, 150–160 эмэгтэй уг өвчний улмаас нас бардаг байна.
Гэхдээ умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр урьдчилан сэргийлэх, эмчлэх боломж өндөр байдаг тул тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдах нь чухал гэдгийг онцоллоо.
“CerviCare AI” систем нь хиймэл оюун ухаан ашиглан шинжилгээний мэдээллийг боловсруулах бөгөөд 7 сая гаруй клиник дата дээр сургагдсан, 98 хүртэлх хувийн мэдрэг чанартай, хариуг таван секунд орчимд боловсруулах боломжтой гэж нийлүүлэгч компани мэдээлэв.
Түүнчлэн төхөөрөмж нь авсаархан, зөөврийн зориулалттай тул зөвхөн суурин эмнэлэгт бус орон нутаг, алслагдсан бүсэд явуулын эрт илрүүлэг зохион байгуулахад ашиглах боломжтой аж.
Одоогоор уг технологийг орон нутгийн 12 аймаг болон Улаанбаатар хотын нэгдсэн, дүүргийн, өрхийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд нэвтрүүлээд байгаа талаар “AI MEDI MONGOLIA” компани мэдээллээ.

Анхан шатны тусламж үйлчилгээнд эрт илрүүлгийн боломж нэмэгдэнэ
“Их Амгалан” ӨЭМТ-ийн дарга, АУ-ны доктор, клиникийн профессор Э.Бурмаа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ачаалал их, нарийн мэргэжлийн эмч болон лабораторийн хүртээмж хязгаарлагдмал байдгаас иргэдийн эрт илрүүлэгт хамрагдалтад хүндрэл үүсдэг талаар хэллээ.
Тэрбээр:
“Хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү технологийг манай төвд суурилуулснаар оношилгооны хурд, хүртээмж, оновчтой байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Ээжүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаална гэдэг нь тухайн гэр бүлийг бүхэлд нь дэмжиж буй хэрэг” гэв.
“AI MEDI MONGOLIA” компанийн инженер, эмч, мэргэжилтнүүд төхөөрөмжийг “Их Амгалан” ӨЭМТ-д суурилуулж, эмч, эмнэлгийн ажилтнуудад ашиглалтын сургалт зохион байгуулжээ.
Ингэснээр Баянгол дүүргийн 9, 13 дугаар хорооны иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн дэвшилтэт технологид анхан шатны эрүүл мэндийн байгууллагаараа дамжуулан хамрагдах боломж нэмэгдэж байна.
Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад чиглэсэн энэхүү ажлыг Банчин Ойбүрүл Ринбүүчи багшийн хандив, “Асрал” ТББ, “AI MEDI MONGOLIA” компани болон “Их Амгалан” ӨЭМТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлжээ.

