Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд иргэдийг өндөр үнэтэй, чанарын баталгаагүй эмийн эрсдэлээс чөлөөлж, чанартай, аюулгүй эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын нэг чухал алхам болгон Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах журам”-ыг танилцуулан , шинэчлэн баталлаа.

Шинэчилсэн журам нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн боловсруулагдсан бөгөөд нэг эх үүсвэрээс худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдал, ил тод байдал, санхүүгийн үр ашиг, хяналт, хариуцлагыг шинэ түвшинд хүргэх зорилготой юм. Журмаар гадаад улсын үйлдвэрлэгч, эсхүл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улсын үйлдвэрлэгчээс худалдан авах эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакцинд тавигдах чанарын шаардлагыг илүү өндөр түвшинд тодорхойллоо.

Тухайлбал, ДЭМБ-ын урьдчилсан баталгаажилт, үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP), ISO 9001, ISO 13485 зэрэг олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүнийг худалдан авах эрх зүйн үндсийг бүрдүүлж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын өмнөх оны хэрэглээ болон Эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээлэлд үндэслэн жил бүр нэг эх үүсвэрээр худалдан авах эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний нэр төрөл, хэрэгцээг нэгдсэн байдлаар төлөвлөх, чанар, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ хамгийн бага үнийн саналд үндэслэн худалдан авалт хийх, гэрээг гурван хүртэл жилийн хугацаагаар байгуулах, тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Түүнчлэн өмнөх журамд байгаагүй “Хариуцлага” бүлгийг шинээр тусгаж, худалдан авах ажиллагаатай холбоотой захиалга, тайлан, мэдээг хугацаанд нь ирүүлээгүй, зөрүүтэй мэдээлсэн, шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхөөс татгалзсан зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтыг бий болгосон байна. Шинэчилсэн журмын хэрэгжилтийг хангах хүрээнд 2027 оны нэг эх үүсвэрийн худалдан авалтыг тасралтгүй зохион байгуулах зорилгоор холбогдох хугацааны зохицуулалтыг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр тусгасан бөгөөд нэг эх үүсвэрийн худалдан авалтын санхүүжилтийг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд хамтран батлах журмаар зохицуулахаар болсон юм.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Нэг эх үүсвэрийн худалдан авалтын шинэчилсэн тогтолцоо нь төсвийн хөрөнгийг илүү үр ашигтай зарцуулахын зэрэгцээ иргэдийг олон улсын чанарын шаардлага хангасан, аюулгүй эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнээр тогтвортой хангах чухал эрх зүйн үндэс болно. Цаашид худалдан авалтын төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилт, хяналтыг илүү уялдаатай болгож, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хариуцлагыг шинэ шатанд гаргана” гэдгийг онцоллоо. Мөн Их Британи, Австрали, Канад, АНУ, Шинэ Зеланд зэрэг улс орнууд төвлөрсөн худалдан авалтын тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд, ялангуяа Шинэ Зеландын PHARMAC загвар нь улсын хэмжээнд эмийн худалдан авалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулж, эмийн үнэ, чанар, хүртээмжийг сайжруулсан олон улсын шилдэг туршлагын нэг болохыг танилцуулсан юм.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Шинэ журам хэрэгжиж эхэлснээр нэг эх үүсвэрээс эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакцин худалдан авах ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, худалдан авалт, хяналт-шинжилгээ, тайлагнал, оролцогч байгууллагуудын чиг үүрэг, хариуцлага илүү тодорхой, ил тод болж, олон улсын чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын санхүүгийн үр ашгийг дээшлүүлэхэд бодит ахиц авчрах юм гэв. 

https://www.facebook.com/v2.8/plugins/like.php?action=like&app_id=1670020999902664&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df1d5f88b47059b317%26domain%3Dmoh.gov.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fmoh.gov.mn%252Fff6f3bd1b93188e82%26relation%3Dparent.parent&container_width=213&href=https%3A%2F%2Fmoh.gov.mn%2Fnews%2F7592%3Ffbclid%3DIwY2xjawTf4EdleHRuA2FlbQIxMABicmlkETE0VzU4MklGMjg3R2dKMnZJc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHqpVheiL4icm1nz-EKS5ePk5l1tQF0uSJYH5JzK1rGFE_EA1UOKBcN6vP2Tj_aem_s1MPTcFe08PQLngaenyXUQ&layout=button_count&locale=en_US&sdk=joey&share=true&show_faces=false&size=large