Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ослогийн их сургуулийн харьяа Соёлын түүхийн музейд зочилж, Норвегийн нэрт аялагч Оскар Мамены үнэт өвийн цуглуулга болох Монгол Улсын түүхэн цаг үетэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.

Оскар Мамен нь 1911-1945 оны жилүүдэд манай улсад амьдарч, аялахын зэрэгцээ гадаад худалдаа эрхэлж байсан бөгөөд тэрээр Өргөө хотноо оршин суух хугацаандаа 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхэн үйл явдлууд болон 8 дугаар Богд Жавзандамба Хутагтыг шашин, төрийн тэргүүнээр өргөмжилж байсан түүхэн баримтыг гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээсэн юм.

Соёлын түүхийн музей түүний 3000 орчим гэрэл зургийн хальсыг сэргээн хэвлэж, цахимжуулаад байгаа бөгөөд 130 гаруй эд өлгийн зүйлээс бүрдсэн цуглуулга болон сэргээгдээгүй, олон нийтэд дэлгэгдээгүй олон мянган хальс өдгөө тус музейд мөн хадгалагдаж байна.

Соёлын түүхийн музей нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Норвег Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд манай улсын хувьд түүхэн ач холбогдол бүхий баримтыг дэлгэж үзэсгэлэн гаргаж буй юм.

Сайд Б.Батцэцэг уг үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ Оскар Мамены үлдээсэн гэрэл зураг, захидал, өдрийн тэмдэглэлүүд нь манай улсын нийслэлийн тухайн үеийн өнгө төрх, монголчуудын ахуй амьдрал, зан заншил, соёлын өвийг өнөө цагт бодитоор харж, мэдрэх боломжийг олгосон хосгүй үнэт өв гэдгийг онцоллоо. Мөн энэхүү үнэт өвийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Соёлын түүхийн музейн хамт олон, судлаачид болон Оскар Мамены ач, зээ нарт талархал илэрхийллээ.

Манай хоёр улсын түүх соёлын үнэт өвийг хамтран судлах, соёлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас чухалчлан дэмжиж, өндөр ач холбогдол өгч буйг Соёлын түүхийн музейн Ерөнхий захирал Ауд Валборг Түннсесэн сайшааж, талархал илэрхийллээ.

Оскар Мамен мөн XX зууны эхэн үеийн Өргөө хотын архитектур, хотын ахуй амьдрал, хийд, ордон өргөө, арилжааны зах, гудамж, түүнчлэн консулын дэнжид байрлах гадаадын пүүс, байгууллагуудыг гэрэл зурагт буулган үлдээсэн нь түүх, соёлын судалгаанд онцгой чухал ач холбогдолтой гэдгийг эрдэмтэн, судлаачид тэмдэглэж буй юм.

