
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан ном хандивлах арга хэмжээнд Шихихутуг их сургууль оролцож, хууль зүй, Үндсэн хуулийн эрх зүй, парламентат ёс, төр, эрх зүйн түүхийн чиглэлээр туурвисан ном, сурах бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдээсээ Монгол Улсын Үндэсний номын санд хандивлалаа.
Шихихутуг их сургуулийн үүсгэн байгуулагч, Төрийн шагналт, Улсын Бага Хурлын гишүүн асан, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Данзангийн Лүндээжанцан өөрийн дангаар болон хамтран туурвисан “Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй”, “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” /монгол, англи хэлээр/, “Эрх зүйн философи”, “Монгол хаадын захидал, Монголын төрт ёс, эрх зүйн түүхэн уламжлал”, “Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник”, “Хэмжээт цаазатаас Бүгд найрамдах засагт шилжсэн нь: Анхдугаар Үндсэн хууль 1921–1924”, “1945 чөлөөлөх дайн – Монгол ба дэлхий дахин” зэрэг ном, судалгааны бүтээлүүдийнхээ дээжээс хандивлав.
Мөн Шихихутуг их сургуулийн профессор, багш Ж.Бямбадорж, В.Удвал нарын болон тус сургуулийн бусад эрдэмтэн, судлаачдын бүтээл, Шихихутуг их сургууль болон Судалгааны хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт нэмэгдлээ.
Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Нээлттэй парламент: Парламентат ёсны хөгжил, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд Шихихутуг их сургуулийн профессор, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга асан, доктор (Ph.D), профессор Ж.Бямбадорж үндсэн илтгэгчээр оролцов.
Профессор Ж.Бямбадорж “Нээлттэй парламент нь ардчилсан нийгмийн амин сүнс мөн” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, парламентын нээлттэй байдал, парламентат ёсны хөгжил, хууль тогтоох үйл ажиллагааны чанар, хариуцлага, төрийн албаны ёс зүй зэрэг асуудлыг хөндөн авч үзлээ.
Шихихутуг их сургууль нь Үндсэн хуулийн эрх зүй, төр, эрх зүйн түүх, парламентат ёс, ардчилсан засаглалын чиглэлээр сургалт, судалгааг хөгжүүлж, профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
Энэхүү ном хандивлах арга хэмжээ нь Шихихутуг их сургуулийн эрдэмтэн, багш, судлаачдын бүтээлийг үндэсний сан хөмрөгт хадгалан үлдээх, судалгааны эргэлтэд оруулах, оюутан суралцагчид, судлаачид болон олон нийтэд хүртээмжтэй болгоход чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛИЙН
СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН

