Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д /2026. 09.10/ бараалхав.

Ерөнхий сайд Н.Учрал БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяртай буйгаа илэрхийллээ. 

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСВУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Түүнчлэн Монгол, Вьетнамын төр, засаг, ард түмэн хоорондын найрсаг, дотно харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Мөн хоёр талын түвшинд хэлэлцэж, тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө БНСВУ-ын Засгийн газартай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын механизмыг цаашид харилцан ашигтай, шинэ агуулгаар өргөжүүлэн хөгжүүлэх, мөн Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны дэд комиссын ээлжит хурлыг хоёр талын тохиролцсон хугацаанд зохион байгуулах талаар хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.

Талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа агаарын карго тээврийн эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар тээвэр, логистикийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв.