
УИХ-ын гишүүн Ж.Баясгалангийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал бодол, тулгамдаж буй асуудлыг сонсох зорилготой орон нутгийн уулзалт 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болсон ч аймгийн шинээр томилогдсон Засаг дарга уулзалтад оролцоогүй нь иргэдийн дунд асуулт, бухимдал дагуулж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах зорилгоор 21 аймгийг хамарсан уулзалт, сонсголын ажлаа эхлүүлээд байгаа юм. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзалт товлож, тэдний санал хүсэлтийг сонсохоор Арвайхээр хотод хүрэлцэн иржээ.
Гэвч уулзалтад аймгийн шинээр томилогдсон Засаг дарга Т.Жамбалцэрэн оролцоогүй байна. Тухайн өдөр ажлаа хүлээн авсан гэх нөхцөл байдал байгаа ч орон нутгийн удирдлагын зүгээс иргэдийнхээ санал бодлыг сонсох уулзалтад өөрөө оролцох, эсвэл холбогдох албан тушаалтнаа төлөөлүүлэн оролцуулах боломж байсан эсэх нь анхаарал татаж байна.
Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд уулзалтад хүрэлцэн ирэх нь бусад иргэдтэй адил энгийн зүйл биш. Зорчих боломж, тээвэр, цаг агаарын нөхцөл гээд олон бэрхшээлийг даван байж төрийн байгууллагад дуу хоолойгоо хүргэхээр ирдэг. Гэтэл цас шуурч, хүйтэн байсан тухайн өдөр иргэд уулзалтаа хүлээж удаан хугацаагаар гадаа байсан гэх мэдээлэл байна.
Төрийн албан тушаалтан иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох нь зөвхөн хүндэтгэлийн арга хэмжээний асуудал биш. Энэ бол төрийн үйл ажиллагааны үндсэн үүрэг, иргэдэд үйлчлэх хариуцлагын нэг хэсэг юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40.1-д гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, түүний албан тушаалтан дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж заасан. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тэдний эрх тэгш оролцоо, хүртээмжийг хангах зарчмыг тусгасан байдаг.
Иймд Өвөрхангай аймгийн Засаг дарга Т.Жамбалцэрэн тухайн уулзалтад оролцоогүй шалтгаан, орон нутгийн удирдлагын зүгээс иргэдийн саналыг сонсох, асуудлыг нь шийдвэрлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллахаа тайлбарлах шаардлагатай байна.
Учир нь төрийн албан тушаалын үнэ цэнэ нь хэн нэгнийг угтаж авахад бус, иргэдийнхээ асуудлыг сонсож, шийдвэрлэхэд оршдог.
