Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Амгалан, олон улсын шилэгдмэл шүүгч Г.Алтан-Оч нар өнөөдөр (2026.11.24) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, энэ талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын хэмжээнд жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдрийг Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг болохыг, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 35 жилийн ой 2027 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тохиож буйг хэвлэлийн бага хурлын эхэнд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ тодотгов.

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсан ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 15 дахь тэмцээнийг уламжлалын дагуу Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах юм байна.
Тэмцээн гурван үе шаттай бөгөөд анхан шат нь 2026 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Энэ шатны аваргууд буюу сумаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй, дүүргээс 6 эрэгтэй, 3 эмэгтэй шатарчин шалгарч, хагас шигшээ шатанд тоглох эрхтэй болно. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн 2026 оны 12 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болж, аймгийн тэмцээнээс 2 эрэгтэй, 1 эмэгтэй, нийслэлээс 12 эрэгтэй, 6 эмэгтэй шатарчин шалгаран шигшээ тэмцээнд оролцоно.
Улс орон даяар зохион байгуулагддаг, 6000 гаруй шатарчин оролцдог шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тэмцээн 2027 оны 1 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдана гэдгийг Ч.Бат-Эрдэнэ дарга мэдээлэв. Шигшээ тэмцээнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын төлөөлөл, “Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны төлөөлөл 120 гаруй шатарчин урилгаар оролцох аж. “Монголын шатрын холбооны дүрмээр явагддаг тэмцээний медаль хүртсэн тамирчдад шатрын спортын дэд мастер цол олгодог онцлогтой. Түүнчлэн Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг энэ тэмцээний бүх шатанд үндэсний рейтинг бодогдож, шатар сонирхогчид чансаагаа тооцуулдаг онцлогтой” хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ мэдээлсэн.

Монголын шатрын холбоо, Улсын Их Хурлын Тамгын газар 15 дахь удаагийн тэмцээний зохион байгуулалтыг хариуцан, бэлтгэл ханган ажиллаж байгаа талаар Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Амгалан сэтгүүлчдэд мэдээллээ. Эл тэмцээнд олон улсын түвшинд чансаатай тоглож буй шатар сонирхогчдыг урьж оролцуулдаг болжээ.
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шилэгдмэл шүүгч Г.Алтан-Оч ажиллах бөгөөд хэвлэлийн бага хурлын үеэр тэмцээний дүрмийн талаар мэдээлэл өгөв.
Тэмцээний гурван шат Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулагдах бөгөөд цагийн хяналт нь талдаа нэг цаг, нэг өрөг нийтдээ хоёр цаг үргэлжлэх аж. Анхан шатны тэмцээн буюу сум, дүүргийн аваргуудыг шалгаруулах тэмцээний оролцогч 10 хүртэл байх тохиолдолд тойргийн системээр, 10-аас илүү шатарчин өрсөлдөх үед Швейцар системээр оноолтоо хийх аж. Улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдах анхан шатны тэмцээнийг аймаг, нийслэлийн шатрын холбоо, хагас болон шигшээ тэмцээнийг нийслэлийн шатрын холбоо зохион байгуулах юм байна. “Ч.Бат-Эрдэнэ даргын танилцуулсанчлан шигшээ тэмцээнд медаль хүртсэн 6 шатарчин Монгол Улсын шатрын спортын дэд мастер цол хүртэнэ. Энэ жил Үндсэн хууль батлагдсаны 35 жилийн ой тохиож байгаа онцлогтой. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг тэмцээний энэ удаагийн шагналын сан нэмэгдсэн” хэмээн олон улсын шилэгдмэл шүүгч Г.Алтан-Оч мэдээлсэн.

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээний талаарх хэвлэлийн бага хурлын төгсгөлд тэрбээр шатар сонирхогчдыг өргөнөөр оролцохыг уриад, амжилт хүсэв.

Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчны хувьд 1800), шатрын спортын улсын цолгүй, зөвхөн хөдөлмөрийн насны буюу 25 нас хүрсэн шатар сонирхогч Үндсэн хуулийн өдрийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд оролцох эрхтэй байдаг хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
