УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
photo_2026-11-24_13-50-15 (3).jpg

Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд өнөөдөр (2026.11.24) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Уулзалтад нийт 25 иргэн оролцож, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, амьжиргааны түвшин, нийгмийн хамгаалал, хүний эрх, хөдөлмөр эрхлэлт, төрийн үйлчилгээний хүртээмж, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, төрийн албаны эрх зүйн орчны талаар санал бодлоо илэрхийлэв.

photo_2026-11-24_13-50-15 (4).jpg
viber_image_2026-11-24_10-48-45-485.jpg

Уулзалтын үеэр Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн санаачилгаар байгуулагдсан “Халх Нөмрөг нутгаа сэргээе” төрийн бус байгууллагын төлөөлөл бүс нутагт гарч буй ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, түүнээс үүдэн байгаль орчин, эдийн засагт учирч буй хохирлын талаарх асуудлыг хөндлөө. Тэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээх ажлыг төр, иргэн, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх санал, санаачилга дэвшүүлсэн юм.

photo_2026-11-24_13-50-16 (5).jpg

Мөн Нөмрөгийн дархан цаазат газрын ан амьтдад өвс, тэжээл хүргэх ажлыг иргэдийн хандив, дэмжлэгээр зохион байгуулж буй талаар мэдээлэл өглөө. Тус дархан цаазат газарт 57 орчим зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс ховор, нэн ховор амьтдын эзлэх хувь багагүй байгааг онцолсон юм. Судалгааны мэдээллээр тус бүс нутагт 10 мянга гаруй бор гөрөөс, 3000 орчим халиу буга, 300 орчим хандгай тоологдсон бөгөөд Засгийн газраас 600 гаруй сая төгрөгөөр ан амьтдад өвс, тэжээл хүргэхээр шийдвэрлэсэн ч хэрэгжилттэй холбоотой, тодорхойгүй байгаа зарим асуудалд анхаарч ажиллахыг Л.Соронзонболд гишүүнээс хүсэв.

photo_2026-11-24_13-50-16 (4).jpg

Тус төрийн бус байгууллага иргэдийн хандив, дэмжлэгээр бэлтгэсэн 2000 орчим боодол өвсийг сумын удирдлага болон дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгчээ. Халх-Нөмрөгийн бүсэд өвлийн улиралд цас их хэмжээгээр ордог тул автомашин, техник хэрэгслийн нэвтрэх боломж хязгаарлагддаг аж. Иймээс Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдын өвөлжилтийн нөхцөлийг сайжруулах, түймрийн дараах экосистемийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд эрдэмтэн, судлаачдын оролцоог нэмэгдүүлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ.

photo_2026-11-24_13-50-16 (6).jpg
photo_2026-11-24_13-50-16 (8).jpg
photo_2026-11-24_13-50-18.jpg

Өнөөдрийн уулзалтад үзэл бодлоороо нэгдсэн сайн дурын хөдөлгөөний гишүүд, орон нутгаас ирсэн иргэд, залуучуудын төлөөлөл оролцсон бөгөөд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, баялгийн үр өгөөжийн шударга хуваарилалт зэрэг нийгмийн өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Түүнчлэн төрийн албаны шалгалтын тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, залуучуудыг төрийн албанд ажиллах боломж, нөхцөлөөр дэмжих чиглэлээр санал хүсэлтээ уламжиллаа.

photo_2026-11-24_13-50-18 (2).jpg

Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд уулзалтын үеэр хөндөгдсөн асуудал, иргэдийн санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжлахын зэрэгцээ хууль тогтоох болон парламентын хяналт шалгалтын бүрэн эрхийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, иргэдтэй эргэх холбоотой ажиллахаа илэрхийллээ.

photo_2026-11-24_13-50-19.jpg
photo_2026-11-24_13-50-18 (3).jpg
photo_2026-11-24_13-50-15.jpg

Л.Соронзонболд нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.