Бидний эрхэм анд нөхөр, хамтран зүтгэгч Оросбаатарын Мөнгөншагай нь 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Тэрээр 1979 оны 12 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрж, 1987-1997 онд Нийслэлийн 2 дугаар дунд сургууль, 1999-2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн 2009-2011 онд Тайванийн Улс төрийн их сургуульд олон улсын бизнесийн удирдлага мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж, 2013-2015 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын магистрын зэрэг эзэмшсэн өндөр боловсролтой, чадварлаг боловсон хүчин байлаа.
Тэрээр ажлын гараагаа УИХ-ын гишүүний туслахаас эхэлж, Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн, гадаад харилцааны сайдын туслах, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллан, төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт чин үнэнчээр хүчин зүтгэсэн.
2013-2022 онд Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга, тэргүүлэгч, 2016-2019 онд нийслэлийн харьяа “Олон улсын авто худалдаа логистикийн төв” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2019-2020 онд нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга, 2020 оноос “МВТ трейд” ХХК-ийн ерөнхий захирал, 2025 оноос “Олон улсын авто худалдаа логистикийн төв” ХК-ийн бүтээмжийн менежерээр ажиллаж, төр, нийслэл, хувийн хэвшлийн олон чухал салбарт үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн юм.
Түүнчлэн 2012-2016 онд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2016-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж, ард иргэдийн итгэлийг дааж, нийтийн эрх ашгийн төлөө тууштай зүтгэж явсан туршлагатай улс төрч байлаа.
Түүний төр, нийгэмд оруулсан гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Нийслэлийн 375, 380 жилийн ойн медаль, Монгол Ардын Намын хүндэт тэмдэг, 100 жилийн ойн медаль, 2015 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль, 2021 онд Алтан гадас одонгоор тус тус шагнасан билээ.
Талийгаачийн гэгээн дүр, хөдөлмөрч, хичээнгүй, шударга зарчимч, тууштай, эгэл даруу зан чанар, эх орон, ард түмэндээ зориулсан чин үнэнч үйл хэрэг нь хамт олон, журмын нөхдийнхөө сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР