XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн босгон дээр (2025.02.12) Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Хүндэтгэлийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Сайдын зөвлөх Ч.Мөнхжаргал, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар оролцлоо.

Арга хэмжээг БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар нээж “Монгол Улсын байгаль орчны салбарын хөгжлийн түүхийг бүтээлцсэн, эх орны газар нутаг, байгалийн баялаг, ус, ой, ан амьтан, тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалан хадгалж ирсэн Та бүхний үнэт сургаал, арвин туршлага өнөөдөр ч бидний бодлого, үйл ажиллагаанд үнэт чиглүүлэгч болсоор байна. Байгаль орчны салбар бол нэг өдрийн ажил бус, олон арван жилийн тэсвэр тэвчээр, алсын хараа шаарддаг онцгой салбар юм.

Өнөөдөр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд эмзэг орны нэг болж, цөлжилт, усны хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг томоохон сорилттой нүүр тулж байна. Ийм цаг үед бидний бодлого тууштай, шинжлэх ухаанд суурилсан байх онцгой шаардлага нэмэгдэж байна. Та бүхний тавьж өгсөн бат бөх суурин дээр уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн тэнцвэр, ногоон шилжилтийн бодлого үргэлжилж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй” гэлээ.

Үргэлжүүлэн энэ онд Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах том хариуцлагатайг дурдаж, Монгол Улс дэлхийд шийдэл санал болгогч, манлайлагч улс болох зорилтыг хэрэгжүүлэх олон ажилд салбарын ахмадуудын оролцоо, дэмжлэг нэн чухал байх болно гэдгийг онцоллоо.

