Уулзалтаар ноос, эсгий боловсруулалт, хөнгөн үйлдвэрлэлийн технологи, арьс, үслэг эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжиж буй сургалтын явц, элсэлт, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, тулгамдсан асуудлыг хэлэлцэв.

Монгол-Солонгосын политехник коллежийн зүгээс хосмог сургалтыг амжилттай хэрэгжүүлж буй туршлагаа танилцуулж, “Хөнгөн үйлдвэрийн чадамжийн төв” байгуулах шаардлагатай байгааг онцоллоо.

Харин Төв аймгийн Баянчандмань суман дахь политехник коллеж ноос боловсруулах дадлагын газрын ашиглалтыг нэмэгдүүлэх, ажил олгогчийн захиалгад тулгуурласан хосмог сургалтаар элсэлт авах боломжтойг дурдав.

Сайд, салбарын хүний нөөцийн бодит эрэлт хэрэгцээг тодорхойлж, ноос, арьс шир, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн элсэлтийг нэмэгдүүлэх, мэргэшлийн үнэлгээ, баталгаажуулалтыг сайжруулах, Баянчандмань сумын политехник коллежид 20 суралцагчийг ажил олгогчийн захиалгаар элсүүлж хосмог сургалтаар сургах, багш солилцоо болон сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг яаралтай эхлүүлэх чиглэл өглөө.