МОНГОЛЫН ГУТАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны санаачилсан Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөлдөх уулзалт “Мон-Ирээдүй” ХХК-ийн арьс шир боловсруулах үйлдвэрийн байранд боллоо.

Зөвлөлдөх уулзалтаар гутал үйлдвэрлэгчдийн Дэд зөвлөл байгуулах, арьс ширний нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, салбарын уялдаа холбоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж, гутал үйлдвэрлэгчид хамтран сурагчийн гутлын төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Төслийн хүрээнд хонины нэхийг дотооддоо бүрэн боловсруулж, гутлын өнгө болон дотор савхийг үйлдвэрлэн эцсийн бүтээгдэхүүн сурагч гутал үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх чиглэл баримтлахаар тогтлоо.

Оролцогчид “Мон-Ирээдүй” ХХК-ийн арьс шир боловсруулах үйл ажиллагаа, технологийн дамжлагууд, үйлдвэрлэлийн шат дамжлагаас гарсан эцсийн бүтээгдэхүүн савхийг үзэж сонирхон, чанарын үзүүлэлтүүдтэй танилцаж, түүхий эдийн чанар, стандартын шаардлага, боловсруулсан арьсны бодит нөхцөл байдлыг үйлдвэрийн үйл ажиллагаанд тулгуурлан хэлэлцэж, харилцан санал солилцов.

Салбарын үйлдвэрлэгчид ийнхүү нэгдсэн нь хонины нэхийн ашиглалтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх, сурагчийн гутлын хэрэгцээг үндэсний үйлдвэрлэлээр хангах бодит боломжийг бүрдүүлж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь арьс шир–гутлын үйлдвэрлэлийн дотоод кластерын уялдаа холбоог шинэ шатанд гаргах, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих стратегийн ач холбогдолтой алхам боллоо.

Зөвлөлдөх уулзалтад ХХААХЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөө Аж Ахуйн Бирж, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, гутал үйлдвэрлэгч компанийн төлөөллүүд төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцов.