МОНГОЛ-ЯПОНЫ САНХҮҮГИЙН ЗӨВЛӨЛДӨХ ХОЁРДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО.

Энэхүү уулзалтад Монгол Улсын Сангийн яамыг төлөөлж Сангийн дэд сайд Б.Хулан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгч нар оролцсон бол Япон Улсын Сангийн яамыг төлөөлж Олон улсын харилцаа хариуцсан дэд сайд Мимура Ацуши тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Өнөөдрийн уулзалтын хүрээнд талууд Монгол Улсын эдийн засаг санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал болон хоёр улсын хамтын ажиллагаа, санхүүгийн салбар дахь олон улсын нөхцөл байдал, дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийн хэлбэлийн нөлөөллийг бууруулах арга замууд зэрэг чиглэлээр хэлэлцэн, хэрэгжиж буй болон шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны бодлого, чиглэлээ тодорхойллоо.

Сангийн дэд сайд Б.Хулан уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ “Өнөөдрийн бидний хэлэлцүүлэг, харилцан солилцсон санал санаачилгууд нь хоёр улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийг санхүү, төсөв, хөрөнгийн зах зээлийн салбарт бодит агуулгаар баяжуулсан чухал алхам боллоо” хэмээг дүгнэж, “Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн энэхүү бэлгэшээлт өдөр эхлүүлсэн бидний яриа хэлэлцээ зөвхөн цаасан дээр бус, бодит амьдрал дээр биеллээ олж, Монгол Улсын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа” илэрхийллээ.

Энэхүү зөвлөлдөх уулзалт нь хоёр улсын санхүүгийн салбарын хамтын ажиллагааг институцын түвшинд шинэ шатанд гаргах, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чухал түлхэц болох юм.

Монгол, Японы Санхүүгийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулж, Монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан, Японы талаас тус улсын Сангийн яамны Олон улсын асуудал эрхэлсэн Дэд сайд ноён Канда тэргүүтэй төлөөлөгчид оролцон, хоёр орны санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцон ирэх жилүүдийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож байв.