Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Азийн хөгжлийн банкны Зах зээлийн хөгжлийн тэргүүлэх мэргэжилтэн Ичиро Аоки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, боловсролын салбар дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр санал, мэдээлэл солилцлоо. Уулзалтаар боловсролын салбар дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн нөхцөл байдал, эрх зүйн орчны сүүлийн үеийн шинэчлэл, энэ хүрээнд хэрэгжиж буй төслүүд, тулгарч буй сорилтуудын талаар ярилцав.
Азийн хөгжлийн банкнаас хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлүүдэд зориулж зах зээл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар томоохон тайланг олон улсын хэмжээнд боловсруулж гаргадаг аж. Монгол Улс Төр, хувийн хэвшлийн тухай хуулиа шинэчилсэн тул энэ удаагийн хэвлэлд Монгол Улсын нөхцөл байдлыг судлан, тусгахаар болжээ.
Монгол Улсыг онцлон сонгож, тэр дундаа боловсролын салбарыг чухалчлан тусгах гэж буйд Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал талархал илэрхийлж, боловсролын салбар дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар мэдээлэл өгөв. Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласны хүрээнд салбарын хөрөнгө оруулалт, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахын тулд хувийн хэвшлүүдийн оролцоо, хамтын ажиллагааг хангахад анхаарч буйг тэр бээр хэллээ.
Боловсролын яамнаас 2026 онд суудлын ачаалал өндөртэй бүсэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ерөнхий боловсролын сургууль барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Татварын ерөнхий хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд боловсролын салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүд татварын 1 хувь хүртэлх хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм.

