Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэний нисэхийн салбарын удирдлагууд, дотоодын авиа компаниудын төлөөлөлтэй уулзаж, салбарын цаг үеийн асуудал, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Уулзалтын эхэнд олон улсын геополитикийн нөхцөл байдал, зөрчилдөөнтэй бүс нутгуудын эрсдэлийг харгалзан үзэж, нислэгийн аюулгүй, найдвартай үйл ажиллагааг ханган ажиллахыг онцгойлон анхаарууллаа.

Мөн ЗТЯ-наас 2026 онд Ховд аймгийн “Ховд”, Өмнөговь аймгийн “Гурвансайхан”, Хөвсгөл аймгийн “Мөрөн”, Баян-Өлгий аймгийн “Өлгий” 4 аймгийн нисэх буудлыг олон улсын шууд нислэг хүлээн авах боломжтой болгохоор зорьж буйг танилцуулаад, дотоодын агаарын тээвэрлэгчдэд бэлтгэл ажлаа хангах, нислэгийн чиглэл, давтамжийн саналаа боловсруулан ирүүлэхийг чиглэл болголоо.

Салбарын сайдын зүгээс аялал жуулчлалыг дэмжих хүрээнд орон нутгийн удирдлагуудтай уулзаж, бүс нутгийн онцлогт тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, нислэгийн тоог нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих боломжийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой уулзалтуудыг хийж, хамтарсан шийдвэрүүдийг үе шаттайгаар гаргана гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн орон нутгийн нисэх буудлуудын хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг сайжруулах ажлыг шуурхай хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдав.

Дотоодын авиа компаниудын зүгээс аймаг, орон нутгийн нисэх буудлуудад жилд хүлээн авах дотоодын нислэгийн тоонд хязгаарлалт тогтоох асуудал, шатахууны үнийн өсөлт зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч байгааг танилцуулж, ЗТЯ болон сайдын зүгээс бодлогын дэмжлэг хэрэгтэй байгааг хэллээ.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1989 онд байгуулсан “Иргэний агаарын тээврийн тухай хэлэлцээр”-ийг энэ онд шинэчлэн батлахтай холбогдуулан “МИАТ” ТӨХК болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс агаарын тээврийн зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг өргөжүүлэх, зорчигч, ачаа, тээш тээвэрлэлтийн боломжийг нэмэгдүүлэх, шууд болон дамжин нислэгийн саналуудыг дэлгэрэнгүй хэлэлцлээ.

Уулзалтын төгсгөлд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэний нисэхийн салбар, тэр дундаа “МИАТ” ТӨХК болон дотоодын авиа компаниудын үйл ажиллагааг бодлогоор дэмжихээ илэрхийлж, нислэгийн чиглэлийг уртасгах, тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх, орлогоо нэмэгдүүлж, алдагдлаа бууруулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.