Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Финланд Улсын нийслэл Хельсинки хотноо боллоо.

Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Финланд Улсын нийслэл Хельсинки хотноо боллоо.

Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Боловсролын сайд П.Наранбаяр, Финландын хэсгийг Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Яарно Суряла нар тэргүүлэн оролцов.

Энэхүү хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, байгаль орчин, ойн аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан, соёл, боловсрол, инновац, мэдээллийн технологи, геологи зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй хэлэлцлээ.

Тухайлбал, багшийн боловсролын чиглэлээр эрдэмтэн, судлаач, багш солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн технологийн байгууллага хооронд холбоо тогтоож, хамтын ажиллагааг эхлүүлэх, Монгол Улсын түүх, соёлын дурсгалд тулгуурлан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын уулзалт, арга хэмжээг зохион байгуулах, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, дулааны алдагдал багатай барилга байгууламжийн стандарт, шийдлийг нэвтрүүлэх зэрэг тодорхой саналуудыг дэвшүүлж ажиллав.

Түүнчлэн, Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтууд болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулж, энэ хүрээнд финландын талтай үр дүнтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдааны протоколд Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр, Финландын Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Яарно Суряла нар гарын үсэг зурлаа.