COP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД “COPTIME” ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЛОО

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлал (COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд талуудын уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцох зорилготой “COPTIME” ээлжит уулзалт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд зохион байгуулагдлаа.

Уулзалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамир удирдан явуулж, хурлын нээлт хүртэл 163 хоног үлдээд буй тул COP17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, ажлын хэсгүүдийн уялдаа холбоог сайжруулах, хэрэгжилтийн явцыг тогтмол үнэлж ажиллах үүрэг, чиглэл өглөө.

Энэ долоо хоногийн хувьд COP17 хурлын бэлтгэл ажилтай холбоотой 5 дэд хорооны хуралдаан болж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргасан бол “Цэнхэр бүс”-ийн түр байр, байгууламжийг угсарч ашиглалтад оруулах гүйцэтгэгчээр Жи Эл эвентс (GL events ) шалгарч гэрээ байгуулсан онцлох ажлууд хийгдсэн байна.

COP17 нь Монгол Улсын хувьд цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг дэлхийн түвшинд хэлэлцэх, мөн тогтвортой газрын менежмент, ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал олон улсын арга хэмжээ юм.