Улсын онцгой комиссын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцах хүрээнд орон нутагт томилолтоор ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Дорнод аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцлоо.

Хуралдааны эхэнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар танилцуулав. “Хоёрдугаар сарын 28-ны байдлаар Дашбалбар, Чойбалсан, Халхгол сумдын нийт нутгаар “Цагаан зуд”-ын, Цагаан-Овоо, Гурванзагал, Сэргэлэн сумдын нутгаар “Цагаан зудархуу” нөхцөлтэй гэсэн дүгнэлт гарсан.

Их хэмжээний цасан шуурганы улмаас малын хашаа саравч цасанд дарагдах, зам даваа хаагдан, мал олон тоогоор уруудсан хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж аймаг, сумдын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүн газар дээр нь шуурхай хариу арга хэмжээ авч ажилласан. Өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 7-ноос нийт нутгаар хүйтний эрч сулрах, 13-нд нийт нутгаар цас орох төлөвтэй байгаа бөгөөд бэлэн байдлыг ханган ажиллаж байна” гэлээ.

Мөн энэ үеэр “Орон нутгийн хөгжлийн төв” төсөл, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл зэрэг салбарын яамнаас цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар оролцогчдод мэдээлэл өгөв.

