Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Дундговь аймагт ажиллах үеэрээ Эрдэнэдалай сумын иргэн, Улсын аварга малчин О.Мөнхбатынд зочилж, мал аж ахуйн салбарын хөгжил, малчдын тохилог амьдрах орчныг бүрдүүлэх талаар ярилцлаа.
Сумын төвөөс 10 гаруй километрт Их бага бууц хэмээх газар старлинк, нарны сэргээгдэх эрчим хүч, ус хангамж, хяналтын камер зэрэг дэвшилтэт технологийн шийдэл бүхий тохилог байшинд өнтэй хаваржиж суугаа О.Мөнхбатынд нар шингэх үеэр очив.
Гэргий, аймгийн аварга саальчин Б.Мөнхжаргал нь өөрийн бэлтгэсэн идээ цагаагаар дайлан угтлаа. Тэрбээр сүү саам, шар сүүгээрээ ааруул, бяслаг, тос, цэлцэгнүүр, торт, жимстэй нэрмэл зэрэг 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийдэг аж.

Өрхийн тэргүүн О.Мөнхбат “Айлууд малын ашиг шимээ сайжруулахдаа хуц, ухнаа хоорондоо солиод тавьчихдаг. Сүүлийг нь хараад л хуц тавих нь элбэг болж. Малын үржил, селекцид эцэг малын эрүүл мэнд, мэргэжлийн зөвлөгөө чухал. Ер нь тухайн бүс нутгийн байгаль цаг уурын онцлогт тохирсон үүлдэр угсааг сонгон үржүүлэх хэрэгтэй юм билээ” хэмээн туршлагаасаа хуваалцав.
Тэрбээр мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч хонио өөрийн сумын Сангийн далайн шилмэл хониор, адуугаа аавынхаа бий болгосон нутгийн хурдан адуугаар өсгөн үржүүлж иржээ.
Мөн жил бүр үржлийн малаар баталгаажсан стандартын хээлтэгч, хээлтүүлэгчийг шалгаруулж бүх төрлийн мал сүргийнхээ чанарыг сайжруулахад голлон анхаарч ажиллаж байна.
