Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, холбогдох төрийн байгууллагын удирдлагууд оролцлоо.
Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун тэргүүтэй тус компанийн орон нутгийн салбар оффист ажиллаж буй инженер, техникийн ажилтнууд, Өмнөговь аймгийн Даланзадгад хотын “Гурвансайхан” нисэх буудлын хамт олон, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, говийн бүсэд хэрэгжиж буй төмөр зам, авто зам, иргэний нисэхийн дэд бүтцийн төслүүдээ олон нийтэд танилцууллаа.

Өдөрлөгт аймаг орон нутагт суралцаж буй ЕБС-ийн төгсөх ангийнхан, МСҮТ-ийн оюутан залуус, иргэд оролцож, салбарын үйл ажиллагаа, төмөр зам, нисэх зэрэг салбарт одоо хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын томоохон төслүүд, ОХУ, БНСУ, БНХАУ руу төмөр замын чиглэлээр тэтгэлгээр суралцах нэмэлт боломжуудтай танилцаж, ЗТЯ болон төмөр зам, иргэний нисэхийн байгууллагуудын холбогдох албаны мэргэжилтнүүдээс хэрэгцээт зөвлөгөө мэдээллээ авлаа.

Нээлтийн үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ Өмнөговь аймаг нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг бодитоор тэтгэж буй стратегийн бүс нутаг бөгөөд говийн бүсэд хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүд нь зөвхөн нэг аймгийн асуудал бус, улсын хөгжил, экспортын өрсөлдөх чадвартай шууд холбоотой гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн эхэнд эрэмбэлэгдсэн төмөр замын бүтээн байгуулалт мөн Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгон, өргөтгөн шинэчлэх ажил нь говийн бүсийн эдийн засаг, аялал жуулчлал, тээврийн системд томоохон хувь нэмэр оруулна гэдгийг албаныхан хэлж байна.


