НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Уг хуулийн хүрээнд нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд ажиллаж байна.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, болон зарим төрийн захиргааны төв байгууллагууд, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд багтдаг бөгөөд өнөөдөр (2026.03.17) тус зөвлөлийн ээлжит хурал боллоо.

Өнөөдрийн хурлаар нээлттэй мэдээллийн ил тод байдлын 2025 оны хэрэгжилтэд үнэлгээ өгч, нээлттэй мэдээллийн систем (shilen.gov.mn)-д мэдээллээ байршуулаагүй болон хангалтгүй үнэлэгдсэн байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Зөвлөлийн үйл ажиллагааны 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.

Зөвлөл холбогдох хууль, журмын дагуу нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийн үнэлгээг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэгтэй юм.