МОНГОЛ, АНУ-ЫН ХООРОНДЫН XVII УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ, АНУ-ЫН ХООРОНДЫН XVII УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XVII Улс төрийн зөвлөлдөх уулзалт 2026 оны 03 дугаар сарын 17-нд Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдлаа.

Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, америкийн талын төлөөлөгчдийг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга М.Десомбрэ нар тус тус тэргүүлсэн бөгөөд ЭЗХЯ, БХЯ, АҮЭБЯ, ЦХИХХЯ зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн явц, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэхийн зэрэгцээ шууд нислэг нээх бэлтгэлийг үргэлжлүүлэн хангах, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хиймэл оюун ухаан, боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, цаашид хамтран ажиллах тэргүүлэх чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Монгол, АНУ-ын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Усны компакт гэрээ товлогдсон хугацаандаа, батлагдсан төсөвтөө багтан амжилттай дуусгавар болж буйг талууд харилцан сайшааж, цаашид энэ хэлбэрийн хамтын ажиллагааг харилцан ашигтай бусад салбарт хэрэгжүүлэх асуудлаар мөн ярилцсан болно.