Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хорьдугаар зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжидийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт Үндэсний урлагийн их театрын тайзнаа үзэгч олны сэтгэл догдлол, халуун алга ташилтын дунд боллоо.
Тоглолтыг нээн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам хэлсэн үгэндээ, “Цэрэндуламын Сэвжидийн бүтээл туурвил нь монголын урлагийн үнэт өв болон уламжлагдан ирсэн түүх бөгөөд Монголын урлаг мөнхөд оршиж, монголын соёл үеийн үед дэлгэрэх учиртай” хэмээн онцлов.

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хорьдугаар зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид нь Монголын орчин цагийн бүжгийн урлагийн үндэс суурийг тавьж, “Жалам хар”, “Адуучин”, “Монгол бүжгийн чуулбар” зэрэг олон арван суут бүтээлээрээ Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргасан билээ.
Тоглолтод Ардын жүжигчин, бүжиг дэглээч Ц.Сэвжидийн бүтээн туурвисан үндэсний бүжгийн шилдэг бүтээлүүдээс тайзнаа толилуулж, монгол ахуй, яруу сэтгэлгээний илэрхийлэл болсон уран нарийн хөдөлгөөн, утга агуулга нь бүжгийн урлагийг шимтэн сонирхогч үзэгч түмний сэтгэлд дурсамж үлдээсэн үдэш байлаа.
Энэ бол зөвхөн ой тэмдэглэх арга хэмжээ бус, монголын урлагийн өв соёлыг залуу үедээ өвлүүлэх, урам зоригийн ундарга болсон эрхэм утга учиртай үйл явдал боллоо.

