Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Б.Ахтаны нэрэмжит Төв номын сангаар орж танилцан, нөхцөл байдал, соёлын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ хүрээнд Засгийн газрын гишүүн, сайд Ч.Ундрам Б.Ахтаны нэрэмжит аймгийн Төв номын сангийн өдөр тутмын үйл ажиллагаа, уншигчдын үйлчилгээ, номын сангийн орчин нөхцөл, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл сонслоо. Тэрээр номын сангийн хамт олонтой уулзаж, орон нутгийн иргэд, хүүхэд залуусын унших соёлыг төлөвшүүлэх, хөхиүлэн дэмжих, оюуны хэрэгцээг хангах үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, цаашид үйл ажиллагааг нь дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Аймгийн Төв номын санд нэн түрүүнд уншлагын танхимын тав тух, орчныг сайжруулах, ялангуяа уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн ширээ, сандлын хэрэгцээ байна. Үүнийг шийдвэрлэхээр холбогдох арга хэмжээг энэ онд багтаан авч хэрэгжүүлэх талаар холбогдох албан тушаалтнууд мэдэгдэж, дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Энэхүү дэмжлэг нь номын сангаар үйлчлүүлэгчдийг ая тухтай орчинд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлж, орон нутгийн соёл, боловсролын салбарын хөгжилд чухал ач холбогдолтой юм.
Цаашид номын сангийн үйлчилгээг цахимжуулах, номын сангийн үйлчилгээгээр дамжуулан хүүхэд залуусын унших соёлыг дэмжихэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах асуудалд онцгой анхаарч салбарын бодлогын хүрээнд орон нутгийн соёлын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, материаллаг баазыг бэхжүүлэх, иргэдэд хүргэх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд онцоллоо.


