НАУРЫЗЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ТӨВИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Наурызын баяр нь хаврын сэргэлт, урин цагийн эхлэл төдийгүй эв нэгдэл, соёлын харилцан ойлголцол, хүндлэл, олон үндэстний мөрдөх үнэт зүйлсийг илэрхийлдэг онцгой арга хэмжээ билээ.

Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж буй Төвийн бүсийн Наурызын баярын арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг оролцож Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын дэвшүүлсэн баярын мэндчилгээг иргэдэд уламжлан хүргэлээ.

Дархан хот нь залуусын хот, бүс нутгийн хөгжил, санаачилгын төв бүхий түүх, соёл, эдийн засгийн чухал ач холбогдолтой билээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалын урсгалыг өсгөх бодлогыг шат дараатай хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Засгийн газрын 2024 оны 189 дүгээр тогтоолын дагуу олон улс болон улсын чанартай авто зам дагууд ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборуудыг хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулах ажил эхлээд байна.


Төвийн бүсэд стратегийн ач холбогдол бүхий Дархан – Эрдэнэтийн уулзвар, Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөл, Төв аймгийн Баянцагаан сум зэрэг газруудад түр буудаллах цэгүүд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд аялал жуулчлалыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Ингэснээр хөрөнгө оруулагчид арилжааны банкнуудад хандан зээлийн хүсэлт гаргах боломж бүрдэж байна.


Дархан Уул аймагт 2025 оны 11 дүгээр сард Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын 9 дүгээр хуралдаан амжилттай зохион байгуулагдсан бөгөөд “Цайны замын авто аялал”-ыг албан ёсоор нээж, гурван талт хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ нь хил залгаа бүс нутгийн аялал жуулчлалыг шинэ түвшинд гаргах чухал алхам болоод байна.

Мөн Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) 2025–2027 онд Дархан, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймагт “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа нь бүсийн хөгжлийг дэмжих томоохон хөрөнгө оруулалт болж байна.

Наурызын баяр нь соёл, өв уламжлалыг шингээснээрээ соёлын олон талт байдлыг хадгалах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэртэй болохыг тэмдэглэн Та бүхэнд Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье.