СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН УДИРДЛАГА, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газарт ажиллаж, үйл ажиллагаатай танилцлаа.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас биеийн тамир, спортын салбарт баримталж байгаа бодлого, хөтөлбөр, стратегийн зорилго, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар танилцуулж, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдлын талаар дүгнэн хэлэлцлээ. Бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг бодитой үр дүнтэй болгох үүднээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр тулгамдаж буй асуудлын шийдвэрлэх талаар санал бодлоо солилцон цаашид бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан улсын төсвийн хөрөнгөөр барьж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудын нэг болох Баян-Өлгий аймгийн стадионыг барьж байгуулах ажлыг онцгойлон анхаарч ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Уг стадионыг шинэчлэн байгуулахдаа дахин төлөвлөгөөнд оруулж, “Аялал жуулчлал, Спортын цогцолбор” болгон өргөжүүлэн 24 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барьж байгуулахаар шийдвэрлэсэн. Тус ажлын хүрээнд 2026 онд улсын төсөвт 8 тэрбум төгрөг шийдвэрлүүлж тусгуулснаар бүтээн байгуулалтын ажил эхлээд байна.