СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН М.ХУРМАНХАНЫ НЭРЭМЖИТ “АЛТАН ГАДАС” ОДОНТ ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам болон яамны төлөөлөл Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгийн М.Хурманханы нэрэмжит “Алтан гадас” одонт Хөгжимт драмын театрын барилга байгууламжийн ашиглалт, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалтай танилцан, салбарын бодлогын хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг тодорхойлов.

Анх 1956 онд байгуулагдсан Баян-Өлгий аймгийн “Хөгжимт драмын театр”-ын хамт олон 60 гаруй жилийн түүхэнд Дэлхийн болон Монгол, Казахын сонгодог, орчин үеийн олон арван уран бүтээлийг тайзнаа амилуулж, орон нутгийн онцлог соёлыг эх орондоо төдийгүй хилийн чанадад сурталчлан, үзэгч, ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.


Аймгийн Хөгжимт драмын театр нь казах, монгол хэлээр уран бүтээл туурвидаг онцлогоороо олон үндэстний соёлын харилцааг бэхжүүлэх, орон нутгийн хэл, соёлын олон янз байдлыг хадгалан хамгаалах бодлогын хэрэгжилтийг дэмжих чухал байгууллага юм. Энэ хүрээнд театрын тоглолт, уран бүтээл нь зөвхөн урлагийн үзвэр төдий бус, харин соёлын бодлогын хэрэгжилтийг хангах, орон нутгийн иргэдийн соёлын амьдралын чанарыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах нийгэм соёлын үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үзэж байна.


Театрын удирдлага барилгын үүдний танхим, фойе болон бусад үндсэн хэсгүүдэд 30 гаруй жилийн хугацаанд их засвар хийгдээгүй, элэгдэл хуучрал их байгаа талаар албаны төлөөлөлд танилцуулсан бөгөөд эдгээрт иж бүрэн шинэчлэл хийх шаардлагатайг сайд Ч.Ундрам онцлон тэмдэглэв. Цаашид театрын хөгжлийг дэмжих хүрээнд мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх, уран бүтээлийн санхүүжилтийг төрөлжүүлэх, дуу гэрэл тайзны техник, тоног төхөөрөмжийг үе шаттай шинэчлэх бодлогын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна.