НАЛАЙХ ДҮҮРЭГ УЛААНБААТАР ХОТЫН ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ ХАМГИЙН БОЛОМЖТОЙ ДҮҮРЭГ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын хамт Налайх дүүрэгт ажиллаж дүүргийн эрүүл мэндийн төвийн тулгамдсан асуудал, шинэ дулааны цахилгаан станцын төслийн явц, налайх дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг танилцууллаа.

Налайх дүүрэг Улаанбаатар хоттой хамгийн ойр учраас, хүн ам нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, одоогоор 44 мянга гаруй хүн амьдарч байна.

Өнгөрсөн хугацаанд миний бие болон дүүргийн удирдлагууд Налайх дүүргийг хот болгон хөгжүүлэхэд анхаарч ажиллан, эрх зүйн орчныг бүрдүүлж, хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг шинэчлэн баталсан.

Налайх дүүргийг СТАНДАРТТАЙ, НОГООН, ЖИШИГ хот болгон хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг Япон, Солонгос, Хятад, Орос, Азербайжан, Америк, Сингапур зэрэг хотын ерөнхий төлөвлөлтийг гаргасан олон улсын шилдэг инженерүүдтэй хамтран хийж дууссанаа Ерөнхий сайдад танилцууллаа.

Шинэ төлөвлөлтийн дагуу Налайхад олон улсын стандартыг хангасан 1000 айлын орон сууцны хороолол баригдаж байна. Энэ мэт Налайх дүүрэгт оюутны хотхон, шинжлэх ухааны төв зэрэг олон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн.

Дүүргийн хамгийн тулгамдсан асуудал болох дулааны цахилгаан станц, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг сайжруулж шинэ эмнэлэг барих зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг дүүргийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Налайх дүүрэг Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах хамгийн боломжтой дүүрэг гэдгийг онцолж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.