Платформыг хэрэглээнд нэвтрүүлэх талаар Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгчдөд танилцуулах сургалтыг өнөөдөр (2026.03.23) зохион байгууллаа. Шинэ платформын бүтэц, агуулга, хэрэглээний онцлог болон ач холбогдлын талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга П.Батбаатар товч танилцуулж, цахим-парламентын зорилтыг хангахад чиглэсэн томоохон алхам болж буйг онцлов.
Улсын Их Хурлын гишүүдэд зориулсан тус платформ үндсэн гурван хэсэгтэй. Эдгээрийн “Мэдээллийн самбар, боловсруулж буй болон өргөн мэдүүлсэн хуулийн төсөл” хэсгийн тухай танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн үйлчилгээний газрын референт С.Мөнхтөр, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд” хэсгийн танилцуулгыг Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын хэлтсийн дарга Э.Мягмарханд, “Их өгөгдлийн хянах самбар” хэсгийн танилцуулгыг Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Б.Наранбаатар хийлээ.
Платформд Улсын Их Хурлын гишүүд өөр өөрийн эрхээр нэвтэрч чуулганы нэгдсэн болон Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд оролцсон байдал, санал хураалтад хэрхэн оролцсон, ямар байр суурь илэрхийлсэн зэрэг мэдээллээ татаж харах, нягтлан хянах бололцоотойн зэрэгцээ хэлэлцэж буй асуудлуудтай холбоотой бүхий л мэдээллийг нэгтгэн судлах боломж бүрдэж буй юм. Сургалтад хамрагдсан Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгчид e.parliament.mn платформд суурилагдсан боломжуудыг хэрхэн ашиглах талаар мэдээлэл авч, өдөр тутмын үйл ажиллагаандаа тулгарч буй бэрхшээл, ажлын ачааллыг хуваалцахтай холбоотой санал бодлоо илэрхийлж, харилцан ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

