ТЕХНИКИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ШАТАЛСАН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Азийн хөгжлийн банкны Техник туслалцааны төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем (IFSIRS)-ийг бодит хэрэглээнд  нэвтрүүлэх, тогтвортой үйл ажиллагааг хангах зорилго бүхий шаталсан сургалт үргэлжилж байна.

Энэ удаагийн сургалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори зэрэг байгууллагуудын нийт 30 гаруй мэдээллийн технологи болон холбогдох чиглэлийн мэргэжилтнүүд хамрагдаж байна. Сургалт 4 өдөр явагдах ба орон нутгийн түвшинд нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, шуурхай техникийн дэмжлэг үзүүлэх үндсэн хүний нөөцийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой юм.

Сургалтад хамрагдаж буй мэргэжилтнүүд IFSIRS системийн платформыг удирдах, суурилуулах, тохируулга болон засвар үйлчилгээ хийх, гарч болзошгүй алдаа доголдлыг оношлох, шийдвэрлэх чиглэлээр гүнзгийрүүлсэн мэдлэг практик ур чадварыг эзэмших юм. Мөн системийн аюулгүй байдал, өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хангах, сервер болон хэрэглэгчийн түвшний удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх талаар цогц ойлголтыг авах юм.

Энэхүү IFSIRS систем нь хүнсний баталгаат байдал болон хүнсний аюулгүй байдлын талаарх мэдээллийг нэгтгэн цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, эрсдэлийг эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх чухал платформ юм.

Иймээс тус сургалт нь зөвхөн техникийн мэдлэг олгохоос гадна оролцогчдыг үндэсний болон орон нутгийн түвшинд эцсийн хэрэглэгчдийг сургах, зөвлөх, тасралтгүй дэмжлэг үзүүлэх чадвартай “сургагч багш” болгон бэлтгэхэд чиглэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Ингэснээр IFSIRS системийг үндэсний болон орон нутгийн түвшинд жигд, үр ашигтай ашиглах нөхцөл бүрдэх юм.