Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2026.03.24/ хэвлэл мэдээллийн байгууллагынханд мэдээлэл өгөв.
Тэрбээр дэлхий дахинд эдийн засгийн хямралын мөчлөгт нөхцөл байдал үүсэж, Ойрх Дорнодын бүс нутагт геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгааг онцлов. Улс орнууд эрчим хүчний дэд бүтцүүдэд харилцан цохилт өгч эхэлснээр дэлхийн газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн томоохон шок үүсэж, боловсруулах үйлдвэрүүдэд гэмтэл гарч бүрэн сэргэхэд 4-5 жил шаардагдах нөхцөл үүсээд байна.
Үүнтэй холбоотойгоор дунд хугацаанд шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн дарамт нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд мөргөлдөөн үргэлжилсэн тохиолдолд 2026 оныг дуустал үргэлжлэх эрсдэлтэй байгааг дурдлаа. Энэ нь Монгол Улсын төсөв, санхүүгийн тогтвортой байдалд бодит эрсдэл үүсгэж болзошгүйг тэмдэглэв.

Олон улсын зах зээлд, тухайлбал, Ормузын хоолойн нийлүүлэлт саатсанаас газрын тос, байгалийн хийн үнэ хоёр дахин өсөх хандлага ажиглагдаж байгаа нь дэлхийн эдийн засагт томоохон доргилт үүсгэж эхэлжээ. Монгол Улсын эдийн засаг гадаад худалдааны хувьд БНХАУ-тай нягт хамааралтай тул тус улсын эдийн засагт үүсэх нөлөөллийг анхааралтай ажиглаж байна гэсэн юм.
Шатахууны нийлүүлэлтийн хувьд Монгол Улсад одоогоор тасалдал үүсэхгүй, нөөц хангалттай байгаа хэдий ч үнийн дарамт нэмэгдэх төлөвтэй байна. ОХУ-тай байгуулсан АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах гэрээ хэрэгжиж байгаа бол дизель түлшний үнэ Сингапурын биржийн жишиг үнээс хамаардаг. Хэрэв уг жишиг үнэ гурван сар дараалан өссөн тохиолдолд 2026 оны долдугаар сарын 1-нээс үнийн шинэчлэл хийх хэлцэл эхлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг хэллээ. Дэлхийд нефтийн нийлүүлэлтийн шок үүссэний улмаас Монголын эдийн засаг хүндэрч, шатахууны хямрал 4 сар үргэлжлэхээр байна гэдгийг анхааруулав.

Түүнчлэн олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралын үед төсөв, санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд танилцуулж, Улсын Их Хуралд нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр болж байгаа талаар мэдээлэл өгөв.
Хуулийн төсөлд төрийн байгууллагуудад хэмнэлтийн онцгой дэглэм тогтоох, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төсөв санхүүгийн сахилга батыг чангатгах, давхардсан чиг үүргийг шилжүүлэх, төрийн өмчийн компаниудыг татан буулгах, өр авлагыг барагдуулах зэрэг зохицуулалтыг тусгана. Энэ хүрээнд санхүүгийн үзүүлэлтийг байнга шинжилж, Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамыг бодлогын уялдаа холбоогоор хангаж, шаардлагатай тохиолдолд төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг эхлүүлнэ хэмээн Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр мэдэгдэв.
Өнгөрөгч онд төмөр зам түүхэндээ хамгийн өндөр 48 сая тонн ачаа эргэлт хийж, цахилгаан, дулааны үйлдвэрлэл хамгийн өндөр түвшинд хүрсэн. Эрдэнэт үйлдвэр хамгийн их боловсруулалт явуулж, нүүрсний салбар 90 сая тонныг экспортолж, ажиллах хүчний оролцоог 63 хувьд буюу өмнө байгаагүйгээр дайчилж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 7200 ам.долларт хүрсэн. Монгол Улсын эдийн засаг 90 их наяд ам.долларын эдийн засагтай орон болж, олон улсад эдийн засаг тогтвортой улс болсон хэмээн олон улсын экспертүүд үнэлж байна гэсэн юм.

Манай улс өнөөгийн нөхцөлд эрчим хүчний нөөцөө бүрэн дүүрэн ашиглаж байгаа ба өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж чадахгүй байх түвшинд хүрсэн. Тиймээс эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтуудыг түргэтгэх, Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах шаардлагатай байгааг Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр онцоллоо.
Түүнчлэн хаврын тариалалтад шаардлагатай шатахуун, үр, бордооны нөөцийг бүрдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, эмийн болон стратегийн бараа бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа талаар дурдлаа.

Ойрх Дорнодын нөхцөл байдал эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, авах арга хэмжээний талаар мэдээлэл өгөв

“Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо

“Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв

Хууль давсан журмыг хүчингүй болгох үүрэг бүхий дэд ажлын хэсэг хуралдлаа


