Уулзалтаар талууд Монгол, Солонгос хоёр улсын зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа иргэний нисэхийн салбарт илүү өргөн хүрээнд хамтран ажиллах, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, зорчигчдын урсгал болон аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр харилцан санал солилцлоо.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтын эхэнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа салбар бүрт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглээд, зорчигчдын урсгал, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөж байгаа нь агаарын тээврийн салбарын хөгжилд чухал оролцоотой байгааг онцоллоо. Тэрээр хэлэхдээ, “БНСУ-ын агаарын тээврийн зах зээл нь манай улсын хувьд хамгийн том зах зээл бөгөөд Улаанбаатар-Сөүл чиглэл хамгийн эрэлттэй чиглэлийн нэг. Тус чиглэлд Монгол Улсын 2 агаарын тээвэрлэгч, БНСУ-ын 4 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байна” гэлээ.

Мөн сайд Б.Дэлгэрсайхан хоёр улсын хамтын ажиллагаа төмөр зам, иргэний нисэхийн салбарт өргөжиж байгааг онцлоод, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ийн 100 хувийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв”-ийн барилгыг барьж, ирэх сард нээлтээ хийх гэж байгаад талархал илэрхийллээ. БНСУ-ын “Солонгосын үндэсний төмөр зам” манай Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын ТЭЗҮ судалгааны төсөл дээр ажиллаж байгааг дурдлаа.

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг анх 1991 оны 10 дугаар сарын 23-нд Сөүл хотноо байгуулж байсан бөгөөд уг хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор 2024 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
БНСУ-ын Элчин сайд Чой Жин Вон энэхүү уулзалтын үеэр Монгол, Солонгос хоёр улсын хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг эцэслэн тохиролцож, тогтмол нислэг үйлдэх, агаарын тээврийн салбар дахь хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны ЗТЯ хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, “Тээврийн салбарын бодлогын хороо”-г хамтран байгуулж, тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, боловсон хүчний бодлого зэрэг олон талт ажлуудыг уялдаа холбоотойгоор эрчимжүүлэн хөгжүүлэхэд хамтарч ажиллахаар санал нэгдэв.

