Улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн багш нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөлөө.
Сайн багшаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багшийн үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдгийг хэллээ.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд гадаадын 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байна.
Дэлхийн түвшний боловсрол эзэмшин, орон нутаг, улсынхаа хөгжил дэвшлийн түүчээ, манлайлагч болох эдгээр хүүхдийг сургаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь багш нар үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Мөн Нийслэлийн Ерөнхий боловсролын 5 болон 17 дугаар сургуулийн ахмад багш Жамбын Бааст, Нийслэлийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирал Мишигдоржийн Туулсайхан нарт Гавьяат багш цол хүртээж, нэр бүхий багш нарыг төрийн дээд одон, медалиар шагналаа.


