ХХААХҮ-ИЙН САЛБАРТ ХЭРЭГЖСЭН ЖЕНДЭРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжсэн Жендэрийн талаар баримтлах бодлого (2018-2025)-ын хэрэгжилтийн үнэлгээг Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр IRIM судалгааны хүрээлэнгээр гүйцэтгүүлж, тайланг хэлэлцэж, үр дүнг өнөөдөр хүлээн авлаа.

Тус бодлого нь салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй, эрэгтэй салбарын иргэдийн тэгш оролцоо, хүртээмжийг дэмжих, салбарын бодлого, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн удирдлагад жендэрийн мэдрэмжтэй хандлагыг нэвтрүүлэх зорилгоор хэрэгжсэн.

Бодлогыг хэрэгжүүлэх хугацаанд ХХААХҮ-ийн салбар нь уур амьсгалын өөрчлөлт, зуд, цөлжилт, цар тахал, хөдөлмөрийн нөхцөл, шилжилт хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөнд өртөж салбарын хүний нөөц, бүтэц, оролцоонд олон сорилтуудтай тулгарсан. Ялангуяа, салбарын хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоо буурах, техникийн болон удирдах түвшний ажилд хүйсийн ялгарал хадгалагдах, орон нутагт ажиллах боловсон хүчний хомсдол үүсэх зэрэг асуудлууд нь тус бодлогын хэрэгжилт, жендэрийн асуудлыг салбарын тогтвортой хөгжилтэй уялдуулан авч үзэх шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байв.

Үнэлгээний үр дүнгээр ХХААХҮ-ийн салбарт сүүлийн 8 жилийн хугацаанд хэрэгжсэн жендэрийн бодлого “хэсэгчлэн” буюу 47%-ийн хэрэгжилттэй дүгнэгдлээ.

Тус бодлого нь салбарын хэмжээнд жендэрийн асуудлыг бодлогын түвшинд авч үзэх, жендэрийн мэдрэмжтэй хандлагыг салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, талуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан байна. Бодлогын хүрээнд сургалт, мэдээлэл түгээх ажил, олон талт хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих үйл ажиллагаа, орон нутгийн түвшний чадавхжуулах арга хэмжээнүүд харьцангуй идэвхтэй хэрэгжсэн нь бодлогын хэрэгжилтийн гол онцлог байв. Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй хамтарсан үйл ажиллагаанууд жендэрийн асуудлыг салбарын хүрээнд илүү өргөн авч үзэхэд дэмжлэг болсон байна.

ХХААХҮ-ийн салбар нь Монгол Улсын нийт ажиллах хүчний 50% орчмыг бүрдүүлдэг өргөн хүрээтэй салбар бөгөөд эдийн засгийн хөдөлмөр эрхлэлтийн чухал салбар хэвээр байна. Нийт дүнгээр авч үзвэл салбар дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 47.8% байгаа нь жендэрийн хувьд харьцангуй тэнцвэртэй мэт харагдаж байгаа ч дэд салбаруудын түвшинд авч үзвэл хөдөлмөрийн жендэрийн бүтэц харилцан адилгүй байна.

Бодлогын хэрэгжилтийн онцлогийг нэгтгэн дүгнэхэд:

  • Үйл ажиллагаа нь ихэвчлэн мэдлэг мэдээлэл олгох, оролцоог нэмэгдүүлэхэд төвлөрсөн, гэвч эдгээрээс үүдэх бодит үр дүн (мэдлэг, зан үйлийн өөрчлөлт) хэсэгчлэн илэрсэн.
  • Хэрэгжилт нь ихэвчлэн хамтын ажиллагаанд тулгуурласан, салбарын яамнаас тус бодлогын хэрэгжилтэд хуваарилсан, зориулсан төсөв болон манлайлал дутмаг байсан.
  • Хэрэгжилт нь дэд салбарын хувьд мал аж ахуй, газар тариалангийн салбаруудад төвлөрсөн шинжтэй байв.

Бодлогын хүрээнд эмэгтэйчүүд, малчид, хоршоологчид болон бусад үр шим хүртэгчдийн хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл, нэмүү өртгийн сүлжээ, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ахицууд гарсан байна. Ялангуяа олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хөдөөгийн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллыг дэмжих, орон нутагт туршилтын болон загвар төслүүд хэрэгжүүлэх, сургалт, хэлэлцүүлэг, судалгаа, чадавх бэхжүүлэх ажлуудыг өргөн хүрээнд зохион байгуулсан нь салбарт жендэрийн асуудлыг тодорхой хэмжээнд таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд эерэг нөлөө үзүүлжээ. Мөн бодлогын хүрээнд бий болсон зарим сайн туршлага, түншлэл, орон нутгийн санаачилгууд нь цаашид хөгжүүлэх боломжтой суурь туршлагуудыг бүрдүүлсэн байна.

Мөн салбарын хүний нөөцийн нөхцөл, хөдөлмөрийн орчин, жендэрийн тэгш байдлын суурь асуудлууд болох хөдөөгийн эмэгтэйчүүдийн ахуйн ариун цэврийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хүчирхийлэл, эрсдэлээс ангид байх, технологийн хүртээмж шинэчлэлийг нэвтрүүлэх чиглэлд бодит ахиц хязгаарлагдмал хэвээр байна.

Иймд салбарт жендэрийн бодлогын хүрээнд тодорхой үр дүн гарсан боловч эдгээр нь голчлон түншлэл, төсөл хөтөлбөрт түшиглэсэн шинжтэй, харин бодлогыг салбарын үндсэн удирдлага, төлөвлөлт, хүний нөөц, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоонд системтэй шингээж, институцчлэх ажил сул байснаас бодлогын урт хугацааны үр нөлөө, тогтвортой байдал хангалтгүй байжээ гэж дүгнэж байна.

Цаашид салбарын хүний нөөцийн дутагдал, хүйсийн тэнцвэргүй байдал, хөдөөгийн хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдал зэрэг тулгамдсан асуудлуудыг бууруулахын тулд жендэрийн бодлогыг салбарын хөгжлийн үндсэн бодлогын нэг хэсэг болгон авч үзэж, институцийн түвшинд тогтвортой хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай.