Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Итали Улсын Экспортын зээлийн агентлагийн Ерөнхийлөгч Гулиэмо Пикк (SACE) нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улс Баруун Европын орнуудаас манайхтай өндөр харилцаатай бөгөөд стратегийн түвшинд түншилж байгаа гэдгийг онцолж, эрчим хүч, дэд бүтэц, төмөр зам, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг тэргүүлэх чиглэлийн салбаруудад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Италийн талаас Экспортын зээлийн агентлаг (SACE)-ийн үйл ажиллагаа, Монгол-Италийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих боломжийн талаар танилцуулав. Монголын бизнес эрхлэгчдэд зориулсан зээл, санхүүгийн баталгаа, экспорт, импортын хамтын ажиллагааг дэмжих санхүүгийн шийдлүүдийн талаарх мэдээллийг өгч, энэ чиглэлд Монголын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мөн илэрхийллээ.
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн оролцож, Монголын ноос, ноолуурын холбоогоор дамжуулан тодорхой төсөлд хамтран ажиллахыг санал болгохоо дурдаж, Итали улсын шилдэг тоног төхөөрөмжүүдийг эл салбарт нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав.






