Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймгийн төв Булган хотод үргэлжилж байна. Уулзалтад УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат оролцож, салбарын бодлого, шийдвэр, түүний хэрэгжилт, цаашдын чиглэл, тулгамдсан асуудлын талаар танилцууллаа.

Тухайлбал, газар тариалангийн салбарыг дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг мөн нэмэгдүүлэх, үүний тулд малын эрүүл мэндэд онцгой анхаарах, мал эмнэлгийн байгууллагыг чадавхжуулах, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг хаягдалгүйгээр боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Евразийн худалдааны түр хэлэлцээрийн давуу тал, боломжуудыг ашиглах, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого, ЖДҮХС-ийн зээлийн нөхцөлийг сайжруулсан шийдвэр зэрэг асуудлаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийв.

Сайд Ц.Идэрбат хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг зөв тодорхойлохын тулд энэ салбарт төрийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа анхан, дунд шатны албан хаагчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, малчид, тариаланчидтайгаа бүсчилсэн уулзалтуудыг зохион байгуулж байгаа. Албан тасалгаанаас биш амьдрал дундаас, анхан шатнаас гарсан шийдвэр төрийн бодлогод тусаж байж урт хугацаанд үр дүнд хүрнэ гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл, боловсруулан өргөн бариад буй хуулийн төслүүдийн тухай мэдээлж, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх “Нутагтаа эзэн 100:1000” төслийн талаар танилцуулав.


