Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар тэргүүтэй гишүүдээс санаачлан боловсруулсан Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төслийг өнөөдөр (2026.06.10) олон нийтээр хэлэлцүүллээ. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч Ч.Анар нээж үг хэлэхдээ, улс үндэстний хэмжээнд сөрөн тэсвэрлэх бодлого яагаад чухал болсон талаар онол, практикийн нотолгоонд тулгуурлан тайлбарлаж, хуулийн төслийн хэрэгцээ, шаардлага, олон улсын холбогдох жишгээс танилцууллаа. Сөрөн тэсвэрлэх буюу resilience гэх ойлголт нь анх 2024 онд хувь хүний зайлшгүй эзэмших чадваруудад багтсан бол өдгөө уг жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа аж.
Олон улсад геополитикийн нөхцөл байдал улам бүр ээдрээтэй болж буйтай зэрэгцэн хиймэл оюун ухаанд суурилсан когнитив дайн хүрээгээ тэлсээр байгаа нь бидний хамгийн том сорилтуудын нэг болсон талаар УИХ-ын гишүүн Ч.Анар ярианыхаа эхэнд дурдлаа. Оюун санаа буюу зан төлөвийн дайн гэгдэх энэ сорилтын үед сөрөн тэсвэрлэхийн тулд хувь хүний мэдээлэл, өгөгдлийг хамгаалах нь улс үндэстний тэргүүлэх бодлого байх ёстойг ч тодотголоо. Өнгөрсөн 2021 онд батлагдсан Кибер аюулгүй байдлын тухай хуулиар суурь зохицуулалт, эрх зүйн үндсийг бүрдүүлэхдээ илүү дэд бүтцийг хамгаалахад төвлөрсөн бол энэ удаагийн шинэчилсэн найруулга нь хувь хүний мэдээлэл, өгөгдлийг хамгаалахад чиглэжээ.
Кибер халдлага, зөрчлийн орчин хуулийг анх баталсан үеэс хувьсан өөрчлөгдөж, мэдээлэл барьцаалах, өгөгдөл алдагдах, хэрэглэгчийг хууран мэхлэх, цаашлаад олон нийтийн сэтгэл зүй, төрийн үйлчилгээ, эдийн засгийн хэвийн ажиллагаанд зэрэг нөлөөлөх нийлмэл аюул занал нэмэгдэж байгаа нь хуулийн төсөл боловсруулах үндэслэл болжээ. Ийм нөхцөлд эрх зүйн зохицуулалт нь зөвхөн хамгаалах арга хэмжээг тогтоох бус урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах, хохирлыг хязгаарлах, тасралтгүй ажиллагааг хадгалах, нөхөн сэргээх цогц чадавхад чиглэх шаардлагатай гэж үзсэн байна.
Төр, хувийн хэвшлийн бүх шатанд асар хурдацтай цахимжиж буй өнөө үед киберийн идэвхтэй үйл ажиллагаа буюу халдлага болсон үед хэрхэн хамгаалах зохицуулалт, дэд бүтцийн чиг үүргүүд тодорхой байх ёстойг ч хэллээ. Эдгээрээс гадна эх оронч төлөвшил, үндэсний үзэл санааг бэхжүүлж, логик сэтгэлгээг сайжруулж, олон нийтийн цахим боловсролыг дээшлүүлэхэд анхаарах нь чухал гэж төсөл санаачлагч онцолсон юм. Үргэлжлүүлэн хуулийн төслийн үзэл баримтлал, үндсэн зарчим, онцлох зохицуулалтыг Ажлын хэсгээс дэлгэрэнгүй танилцууллаа.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт кибер аюулгүй байдлын судлаачид, мэргэжлийн байгууллагуудаас гадна хууль сахиулах, харилцаа холбоо, банк санхүүгийн салбар болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм. Тэдний хувьд салбарт тулгамдаж буй асуудлууд, байгууллага хоорондын үүрэг, хариуцлагын уялдаа, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах чиглэлээр нээлттэй санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

