“Монгол Улсын Нисэх хүчин 100 жил” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа

2025 онд Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ой тохиож байна. Энэ хүрээнд “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК болон “Монгол шуудан” ХК хамтран “Монгол Улсын Нисэх хүчин 100 жил” сэдэвт шуудангийн шинэ маркийг бүтээж, “Чингис хаан” олон улсын нисэх буудал үйл ажиллагаагаа эхлүүлсний 4 жилийн ойтой давхцсан энэ өдөр (2025 оны 7 дугаар сарын 4-ний өдөр) олон нийтэд танилцууллаа.

Уг арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Мөнхтуяа, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Ганболд, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав, нисэх буудлын үйл ажиллагаа, зохицуулалтын хэлтсийн дарга А.Баасандагва, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Нода Тэцүо тэргүүтэй албаны төлөөллүүд оролцлоо.

“Монгол Улсын Нисэх хүчин 100 жил” сэдэвт уг марк нь Монгол Улсын 1186 дахь үнэт цаас болсон шуудангийн марк бөгөөд “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн энэ тухай онцлон тэмдэглэлээ.

Маркийн зурагчнаар Монголын нисэхийн гэрэл зурагчдын холбооны тэргүүн К.Энхбаяр, дизайнераар Г.Энхтүвшин нар ажилласан. Марк нь 35х35 мм хэмжээтэй, нийт 3000 ширхэг хэвлэгдсэн бөгөөд хэлхээний хэмжээ нь 150х100 мм байна.