
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.21/ хуралдаанаар ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн байна. Энэ талаарх мэдээллийг дээрх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Тусгаар тогтнолын ордонд цугласан ахмадуудад танилцуулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, асуултад нь хариулт өгөв.

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос 14 хоног тутамд нийслэлийн гишүүн, дэмжигч ахмадуудад цаг үеийн асуудлаар бодит мэдээллийг өгөх зорилгоор зохион байгуулдаг энэхүү уулзалтад өнөөдөр ахмадуудын хөндөж буй тэтгэврийн нэмэгдэл, тэтгэмж, нийгмийн хамгааллын сэдвээр өрнөсөн нь энэ юм.
Уулзалтад Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүд оролцлоо.
Ахмадуудын хувьд үндсэн дөрвөн шаардлагыг Ажлын хэсгээр дамжуулан Өргөдлийн байнгын хороонд өгсөн байна. Тодруулбал, тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээлийг 36 сар хүртэлх хугацаагаар олгож байсан хуучны аргачлал руу оруулах, ахмадуудын эмнэлэг, сувилалд хэвтэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхаарах зэрэг шаардлагыг тавьсан байна.

Ахмадуудын шаардлага, хүсэлтийг хүлээн авсан Ажлын хэсгийн гишүүд холбогдох яам, агентлаг, банкны төлөөлөлтэй уулзаж саналаа боловсруулжээ. Ажлын хэсэг дундын хувилбар дээр тогтож хуульд нийцүүлэн, өмнөх жилийн инфляцтай уялдуулан тэтгэврийг энэ удаад найман хувиар нэмэх боломжтой гэсэн салбарын яамны тооцооллыг дэмжсэн тухай Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат танилцууллаа.
Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн ахмад настны нийгмийн хамгааллын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг өглөө.
Ахмад настны тухай хуулийн дагуу амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр олгодог байна. Эрхийн бичгийн нэг ор хоногт амралтын газарт 35 мянга, сувиллын газарт 40 мянган төгрөгийг нийгмийн халамжийн сангаас олгодог бөгөөд долоо хоног амрах, сувилуулах эрхтэй байдаг аж. Жил бүр 50 орчим байгууллагаас ахмадууд харьяалал харгалзахгүй сонгон эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулдаг байна.
