
“Бахрейн-2025” Азийн залуучуудын наадамд Монгол улсаа төлөөлөн 135 тамирчин 44 дасгалжуулагч оролцсон байна. Харамсалтай нь, эх орноо төлөөлж оролцож буй өсвөрийн тамирчдад тэмцээний зардал санхүүжилтийг шийдэж өгөөгүй учир тамирчид маань зочид буудлын үүдний хэсэгт хаа таарсан газраа иймэрхүү байдалтай хоног төөрүүлж байгааг багийн дасгалжуулагч, МУГТ Г.Отгонцэцэг илчилж, шүгэл үлээлээ. Тэднийг явахад баяр хүргэж амжилт хүсэхээр уг тэмцээний багийн ахлагч Тэргүүн шадар сайд Н.Учрал болон ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам нар Төрийн ордонд хүлээн авсан аж. Багийн дасгалжуулагч, МУГТ Г.Отгонцэцэг хүүхдүүдийнхээ тэмцээн, бэлтгэл сургуулилтыг хойш тавин байж айхтар ач холбогдол өгч очтол зүгээр л зураг даруулаад өөр өөрсдийн хуудас дээрээ пост оруулжээ. Ерөөсөө л тэдний зорилго нь өсвөрийн тамирчдын санхүү зардлыг шийдэх гэхээс илүүтэй зураг авахуулах байсанд зарим тамирчид хүртэл дургүйцлээ илэрхийлжээ. Энэ үеэр олимпын хороо 80 сая төгрөгийг замын зардалд, 400 сая төгрөгийг бэлтгэлийн хувцсанд зарцууллаа гэжээ. Гэтэл үнэндээ энэ хувцас, цүнх гутал 1 хүнийхийг хамгийн өндөр дүнгээр тооцоолоход 1 сая төгрөг гэж бодоход 179 хүнийх 179’000’000 төгрөг болж байгаа аж. Харин зөрүү мөнгө хэний халаас руу орчихов гэдэг асуулт хариултаа нэхэж байна. “Үүнийгээ дэмжлэг гэж хэлэхээс ичмээр, өнөөдөр зүгээр хэдэн тамирчин хүүхдүүдээр реклам хийж ажил хийж байгаа дүр эсгэж баахан зураг л авлаа. Тамирчдын нөхцөл байдал, спортын хөгжил ямар түвшинд байгаа нь огтоос сонин биш байсан. Энэ тэмцээнд хүүхдүүд бүгд өөрсдийн зардлаар оролцож байгаа ба нэг хүүхэд онгоцны билетэд 4’740’000₮ байр хоолны зардалд 280$ буюу 980’000₮-ны зардал гарган оролцож байгаа. Хүүхэд, залуучуудыг дэмжих ямар ч далайцтай, хүртээмжтэй ажил хийхгүй хүний нүд хуурсан, халаасандаа мөнгөө л үржүүлэх ажил хийж байгаагаа битгий дэмжиж байна, өгч байна, хөгжүүлж байна гэж нийгмийн өмнө ард түмний өмнө жүжиг тавиад бай, гуйя. Тэвчинэ тэвчинэ гэхэд одоо хангалттай. Казахстан, Узбекстан улс тамирчдаа яаж дэмжиж, ямар боломж бололцоогоор хангасан болоод тамирчид нь амжилт гаргаад байна гэдгийг спорт мэдэхгүй хүн хараад ч ойлгохоор хэмжээнд байгаад байдаг, харин манай дээр байгаа нөхөд ойлгодоггүй бололтой. Жнь: Казахстан улс бүх зардлыг нь дааж өсвөрийн тамирчдаа жилд 5-6 удаа олон улсын тэмцээнд оруулж, 2-3 удаа хамтарсан бэлтгэлд хамруулж, улсын аваргаар медаль авсан тамирчдаа жигд дэмжиж өсвөрөөс нь шигшээ баг барин ажиллаж байна. Манай 1 хүүхэд гэхэд энэ жил 40 орчим сая төгрөгийг ээж ааваараа гаргуулж тэмцээнд оролцлоо. Монгол улсынхаа нэрээ өндөрт өргөлөө гэж тэдэнд наалдсан юм байхгүй, аав ээж нь өртэй л үлдэж байна. Манайд өсвөр, залуучуудын шигшээ баг ч гэж байхгүй, өрөвдөлтэй. Ээж аав нь цалингийн зээл аваад, машинаа зараад, хүнээс мөнгө зээлээд явж байгаа хүүхдүүдээс битгий амжилт нэх!!! Тийм эрх байх ч үгүй, та нарт. Амжилт гаргаад ирэх үед нь хүлээн авч өөрсдийн биеэр баяр хүргэх юм гэнэ. Амжилт гаргахгүй бол угаасаа хүн ч гэж харахгүй л дээ. Амжилт гаргасны дараа дэмжих биш гаргахаас өмнө амжилт гаргатал нь дэмж л дээ” хэмээн гавьяат тамирчин Г.Отгонцэцэг байр сууриа илэрхийллээ.
