ОЮУНЫ СПОРТЫН ДЭЛХИЙД МОНГОЛЫН НЭРИЙГ МӨНХӨЛСӨН ИХ МАСТЕРТ НУТАГ ОРОН НЬ  ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул, Олон улсын шатрын Их мастер, Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхтуулд аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Халада” группийн хамтын ажиллагааны хүрээнд Алтанбулаг суманд шинээр ашиглалтад орсон 60 айлын орон сууцнаас хоёр өрөө байр хүлээлгэн өглөө.

Энэхүү дэмжлэг нь эх орон, нутаг усныхаа нэрийг оюуны спортын дэлхийн тавцанд өндөрт өргөж яваа тамирчны хөдөлмөр зүтгэлийг үнэлж, цаашдын спортын замналд нь бодит дэмжлэг үзүүлж буй бодлогын шинжтэй алхам боллоо.

А.Энхтуул нь 22 жилийн турш шатрын спортод тасралтгүй зүтгэж, Монголын шатрын түүхэнд нэрээ мөнхөлсөн цөөн тамирчдын нэг юм. Тэрээр олон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож, Монгол Улсын нэр хүндийг тив дэлхийд сурталчилсаар ирсэн билээ.

Түүний энэхүү онцгой амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж, 2025 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол, тэмдгээр шагнасан нь Монголын оюуны спортын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь хүлээн зөвшөөрсөн илэрхийлэл юм.

Орон сууц гардуулах үеэр Их мастер А.Энхтуул өөрийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаа нутгийнхаа хүүхэд, багачуудад зааж сурган, шатрын спортыг орон нутагтаа тогтвортой хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа аймгийн удирдлагуудад илэрхийлсэн нь энэхүү дэмжлэг үзүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Аймгийн Засаг даргын зүгээс түүний хүсэл санаачилгыг бүрэн дэмжиж, Сэлэнгэ нутгаас оюуны спортын шилдэг тамирчид, олон улсын хэмжээний аваргууд төрөн гарах таатай орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллахаа онцолсон байна.