Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийн газрын дарга Мухаммед Эсан Хан Монгол Улсад 2026 оны 01 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд айлчлал хийж байна.

Энэ хүрээнд Сангийн дэд сайд Б.Хулан АХБ-ны Зүүн Азийн газрын даргыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газар болон АХБ хоорондын 2025 оны хамтын ажиллагааны ололт амжилтуудын талаар онцолж, ирэх жилүүдэд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Сангийн дэд сайдын зүгээс Монгол Улс, АХБ хоорондын цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг хүсэлтүүдийг хүргүүлэв.

Түүнчлэн, АХБ-тай 2025 онд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгараад буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр болсонд таатай байгаагаа талууд илэрхийлэв.