“Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх нь” төслийн үе шат Хөвсгөл аймагт үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн төвд зохион байгуулагдаж буй тус сургалтад ерөнхий боловсролын 34 сургуулийн англи хэлний 148, бага ангийн 3 багш, БГ-ын арга зүйч хамрагдаж байна. Сургалтыг МУИС, МУБИС-ийн мэргэжлийн ур чадвартай багш нарын баг удирдан чиглүүлж байна.

БЕГ-ын Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагын хөгжил, менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Цасцэцэг англи хэлний сургалтын менежментийг сайжруулах, орчин үеийн арга зүйг хичээлийн практикт нэвтрүүлэх, багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих бодлогын талаар аймгийн Боловсролын газрын дарга, мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын 34 сургуулийн удирдлага, сургалтын менежерүүдэд танхим-цахим хосолсон хэлбэрээр удирдах ажилтны сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын төгсгөлд хэлэлцүүлэг зохион байгуулж орон нутгийн түвшинд Боловсролын газар, сургуулиуд цаашид хэрхэн хамтарч ажиллах, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар нэгдсэн шийдэлд хүрч хагас жилийн төлөвлөлтийг хамтран боловсрууллаа.

Түүнчлэн мэргэжилтэн Ц.Цасцэцэг англи хэлний багш нарын танхимын сургалтын үйл явцтай биечлэн танилцаж, санал солилцлоо.

Танхимын сургалт 01 дүгээр сарын 05-аас 16-ыг дуустал үргэлжлэх бөгөөд сургалтын дараагийн шат болох арга зүйн зөвлөгөө, чиглүүлэг нь 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр үргэлжилнэ. Иймд багш нар танхимаар сурсан мэдлэгээ ажлын байрандаа хэрэгжүүлэх явцдаа байнгын дэмжлэг, чиглүүлэг авах боломж бүрдэх юм.