Хянан шалгах чиг үүргийнхээ хүрээнд Байнгын хороо хяналт шалгалтын хоёр ажлын хэсэг байгуулж, яам, агентлаг, харьяа байгууллага, ажлын хэсгийн есөн тайланг сонсож хэлэлцжээ. Мөн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх зэрэг чиг үүрэгтэй 24 ажлын хэсэг байгуулан ажиллуулсны зэрэгцээ Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдөл болон Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдийн өргөдлийг нийтийн өргөдөл гомдлын цахим системээр ирүүлсний дагуу хэлэлцэж, холбогдох Байнгын хорооныд санал дүгнэлтээ хүргүүлсэн байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэболд, Б.Уянга нараас Боловсролын, Эрүүл мэндийн болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарт хандаж тавьсан нийт дөрвөн асуулгын хариуг авч хэлэлцэн, зохих шийдвэрийг гаргаж ажилласан байна.

Байнгын хорооны дарга, гишүүд намрын ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлын хүрээний яамд, агентлаг, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарын удирдах ажилтнууд, НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, Японы “Жайка” байгууллагын төлөөлөлтэй ажил хэргийг уулзалт хийсний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын эрх, боломж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар “Гэрээсээ гарцгаая-Оюутан”, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг сайжруулах зэрэг хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо нэг удаа хуралдаж, салбарын сайд, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй гурван удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан бол Соёл, спорт залуучуудын дэд хорооноос “Гэрээсээ гарцгаая-Оюутан”, “Спортоор тогтмол хичээллэе” зэрэг хэлэлцүүлэг явуулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.