Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Азийн хөгжлийн банкны техник туслалцааны TA10099-МОН төслийн хүрээнд “Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн системийн хөгжүүлэлт болон хэрэглээ” сэдэвт бүсийн сургалтыг 2026 оны нэгдүгээр сарын 22–23-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулж байна.

    Тус сургалт нь Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын холбогдох байгууллагын албан хаагчдыг хамруулж, хүнсний баталгаат байдлын мэдээллийн нэгдсэн системийг бодит ажил хэрэгт ашиглах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой.

    Энэ хүрээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн мониторинг, хүнсний хангамжийн мониторинг, хөрөнгө оруулалтын лавлагааны сан, хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний лавлагааны сан зэрэг системийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар онолын болон практик сургалтуудыг зохион байгуулж байна. Оролцогчид мэдээллийн системд нэвтрэх эрхийн түвшин, хайлт, шүүлтүүр, анхааруулга, хяналтын самбаруудыг ашиглах арга зүйтэй танилцахын зэрэгцээ багийн ажил, кейс дасгалуудаар дамжуулан практик чадварыг эзэмшинэ. 

    Мөн хүнсний баталгаат байдлын талаарх бодлогын шийдвэр гаргалтад ашиглагдах өгөгдөл, мэдээллийн эх үүсвэр, дүн шинжилгээ хийх боломж, мобайл аппликэйшний хэрэглээ, асуумжийн системийг ашиглах аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.

    Тус сургалт нь орон нутгийн түвшинд хүнсний аюулгүй байдал, хангамжийн тогтвортой байдлыг хангах, эрсдэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.