🇲🇳Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилготой Монголын үндэсний спортын наадам өнөөдөр (2025.01.22) нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд 21 аймаг, 9 дүүргийн шигшээ тэмцээнд оролцох баг тамирчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням нээж үг хэлэв. Тэрээр хэлэхдээ “Бидний өвөг дээдэс зөвхөн зуны улиралд бус өвөл, намар, хавар цагт өөрсдийн бие бялдар, оюун ухаанаа хөгжүүлж, хүйтэн жаврыг үл анзааран, төрөл бүрийн өвлийн спортоор хичээллэж ирсэн сайхан уламжлалтай билээ. Энэхүү наадам нь Монголчуудын өвлийн спортын уламжлал, соёлыг улам бүр сэргээж, үндэсний спортыг дэлхийд нийтэд сурталчлан,таниулах зорилготой зохион байгуулагдаж байгаа юм.

Түүнчлэн энэхүү наадам нь эрүүл мэндээ бэхжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, бие бялдраа хөгжүүлэх, багаар хамтран ажиллах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өвлийн спортын амжилтыг ахиулах болон дэлхий нийтэд Монголын гэсэн спортын өвөрмөц төрлийг нээн харуулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн тус наадам нь Италийн Милан Кортинад 2026 оны 02 дугаар сарын 06-нд нээлтээ хийх өвлийн олимпын XXV наадмын өмнө зохион байгуулагдаж байгаараа чухал онцлогтой болж байна.” хэмээв.

📌Монголын үндэсний спортын өвлийн наадмын мөсөн шагай, мөсөн сур харвааны шигшээ тэмцээн Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай, Цонжин болдог дахь “Уухайн дуу” амралтын баазад нэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Наадмын тамирчны тангаргийг мөсөн сурын Монгол Улсын мэргэн, спортын мастер Рэнцэнбямбын Батзориг, шүүгчийн тангаргийг Монгол Улсын хошой мэргэн, Спортын мастер, улсын шүүгч Б.Угтахбаяр нар тамирчин, шүүгч нарыг төлөөлөн өргөлөө.