Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Органик хөдөө аж ахуйн түншлэл 2 төсөл, Тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэгчдийн түншлэл үндэсний холбоо хамтран Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчид, оролцогч, түншлэгч талуудын зөвлөлдөх уулзалтыг  Дархан-Уул аймагт 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулав.   

    Уг зөвлөлдөх уулзалтад Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн органик үйлдвэрлэл эрхлэгч  50 гаруй хоршоодын төлөөлөл оролцож байгаа бөгөөд уулзалтын зорилго нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчид, органик үйлдвэрлэлд оролцогч, түншлэгч талуудын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон 2026 оны тариалалт болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөлтийн талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

    Органик үйлдвэрлэл нь зөвхөн “химийн бодисгүй хүнс” гэсэн ойлголтоор хязгаарлагдахгүй. Энэ нь экосистемийн тэнцвэрийг хадгалсан, хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалсан, урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжсэн, хамгийн зөв үйлдвэрлэл бөгөөд энэ ач холбогдлыг нь харгалзан олон улсад хөдөө аж ахуйн бодлогоо органик үйлдвэрлэлийн зарчимтай нийцүүлэн шинэчлэхээр ажиллаж байна.

    Манай улс ч мөн “Органик бүтээгдэхүүний тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 1‑р сарын 17-нд баталсан. Энэ хуулиар органик үйлдвэрлэлийн үе шат, шалгуур, баталгаажуулалт, шошгололт, органик бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн сан, органик үйлдвэрлэгчдэд үзүүлэх дэмжлэгүүдийг нарийвчлан зохицуулсан.

    Органик бүтээгдэхүүний тухай хуулиар татварын хөнгөлөлт, орон нутгийн түвшинд органик хөтөлбөр батлах асуудал, органик бордоо болон шилжилтийн үеийн зардлыг төр хариуцах зэрэг олон шинэ боломжыг органик үйлдвэрлэл эрхлэгчдэд нээж өгсөн учраас цаашид Монголд органик үйлдвэрлэл эрчимтэй өсөх суурь тавигдсан гэж үзэж байна.