
![]()
Монгол улсын Дархан-Уул аймгийн ИТХ, ОХУ-ын БНБурУ-ын Улаан-Үд хотын Депутатуудын зөвлөл хооронд анх удаагаа хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уулзалтын өмнө Буриадын тал Монгол зочдыг халуун дотноор угтан авч, хүүхдийн урлагийн 1-р сургуулийн бүжгийн хамтлаг угталтын бүжгийг бүжлээ. Төлөөлөгчдийг /2026.01.27/ Депутатуудын хурлын гол танхимд албан ёсны уулзалтад урьснаар эхлэв. Уулзалтын эхэнд Дархан, Улаан-Үд хотын видео танилцуулгыг үзүүлж, хүрэлцэн ирсэн зочдыг танилцууллаа. Талууд сүүлийн жилүүдэд хотууд хэрхэн өөрчлөгдсөн, хотуудын иргэд хэрхэн амьдарч байгаа, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа нь ах дүү хотуудын амьдралд хэрхэн нөлөөлж байгаад ихээхэн анхаарал хандуулж байсан юм.
Уулзалтын үеэр,
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Алтангэрэлийн Янжмаа Улаан-Үд хотын Депутатуудын Зөвлөлийн дарга, гишүүдийн урилга, халуун дотно угтан авсан явдалд талархал илэрхийлж, “Дархан, Улаан-Үд хотууд болон ард түмнүүдийн хоорондын гүн гүнзгий харилцаа холбоо хэдэн арван жилийн дараа ч найрсгаар үргэлжилж байгаа нь бахархалтай. Энэхүү айлчлал манай хоёр ард түмний нөхөрлөл, харилцан ойлголцлыг улам бэхжүүлж, иргэдийн сайн сайхан байдлыг сайжруулах бодит үйлдлүүдээр дүүрэн, шинэ, харилцан ашигтай санаачилгыг хэрэгжүүлэх эхлэл болно гэдэгт итгэж байна” гэлээ.
Улаан-Үд хотын Депутатуудын Зөвлөлийн дарга Балжинимаев Чимит Вальеревич “Энэ жил Улаан-Үд хот байгуулагдсаны 360 жилийн ойг тэмдэглэж байгаа. Энэхүү ойг тохиолдуулан зохион байгуулж буй хамтарсан арга хэмжээ маань хоёр хотын түүхэнд гэрэл гэгээтэй хуудас үлдээнэ гэдэгт би итгэлтэй байна” гэлээ.
Уулзалтад Монгол Улсаас ОХУ-ын БНБурУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын Дэд консул Б.Батням болон Улаан-Үд хотын депутатуудын төлөөлөл, албаны бусад хүмүүс байлцлаа.
Айлчлалын багт Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын алба, найрсан харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг буюу ЗДТГ-ын зарим албан хаагчид нийлээд 32 хүн байлаа. Зочид төлөөлөгчид айлчлалын хөтөлбөрийн дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, Соёлын дунд сургууль, Спорт комплекс буюу Мөсөн ордон, Хот тохижилт, гэрэлтүүлгийн байгууллага, Хамгийн сайхан тосгоноор шалгарсан Тарбагатай район дахь Десяткого тосгоны дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагаатай тус тус танилцаж, харилцан хамтран ажиллах ажил хэрэгч саналыг дэвшүүлэн ажиллалаа.
Мөн хоёр хотын найрсаг харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хоёр талын ажлын хэсэг тусгай уулзалт зохион байгуулж, ярилцсан ба ирэх хавар Дархан хотноо зохион байгуулах эдийн засаг, соёлын өдрүүдийн товыг тогтоов.
Дархан, Улаан-Үд хотууд 1967 онд анх ах дүү хотуудын найрамдалт харилцааг эхлүүлж, анхны гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэ үйл явдал Дархан хотын гадаад харилцааны анхны эхлэл болж байсан бөгөөд 2027 онд түүхт 60 жилийн ой тохионо. Тухайн үед хоёр хотын аж үйлдвэр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарт туршлага солилцох, ажлыг дэмжих зэрэг хотуудын хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэх цогц үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулагдсан юм. Өнөөдөр хоёр талын харилцаа нь эдийн засаг, бизнес эрхлэхээс эхлээд залуучуудын бодлого, спорт, соёл хүртэл бараг бүх гол салбарыг хамарч байна.
2026 онд Дархан хотын 65 жилийн ой, Улаан-Үд хотын 360 жилийн ой тус тус тохиож байгаа бөгөөд 2027 онд ах дүү хотуудын найрамдалт харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой болно.