
АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Ж.Кеннеди олон улсын хөгжил, соёлын солилцоог дэмжих зорилгоор 1961 онд Энхтайвны корпусыг байгуулж байсан түүхтэй. Тус улсын Засгийн газрын харьяа энэхүү агентлаг нь сүүлийн 35 жилийн хугацаанд Монгол Улсад нийт 1541 сайн дурын ажилтан илгээн, Улаанбаатар хот болон 21 аймгийн 160 гаруй сум, суурин газарт ажиллуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын найман аймагт 49 сайн дурын ажилтан ажиллаж, “Англи хэлний боловсрол болон Хамт олон, Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр Боловсролын сайд П.Наранбаяр ““Монголчууд англи хэл сурахад Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд ихээхэн хувь нэмэр оруулсан. Холын америкийг монголд ойртуулахад ч та бүхний үүрэг их.
2023 оны долоо дугаар сарын 3-нд Боловсролын ерөнхий хуулийг батлахдаа англи хэлийг үндсэн гадаад хэл хэмээн хуульчилсан. Бид багадаа орос хэлийг маш хэцүү аргаар үзэж байсан. Харин өнөөгийн хүүхдүүдэд англи хэлийг залхаахгүй, сонирхолтой байдлаар зааж сургах нь чухал. Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд цаашид ч Монгол Улсын боловсролын салбарт англи хэлний боловсролыг дэмжих чиглэлээр тууштай ажиллана гэдэгт итгэж байна.” гэлээ.
Энхтайвны корпусын орон хариуцсан захирал Лиза Паверс хэлэхдээ “АНУ-ын Энхтайвны корпус 1991 оны долоо дугаар сараас монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Миний бие танай эх оронд 20 жилийн дараа дахин ирж байгаадаа баяртай байна. Монголчууд англиар сайн ярьдаг болжээ. Соёлын хувьд ч нэлээд өөрчлөлт гарсан байна. Манай сайн дурын ажилтнууд англи хэлний мэргэжлийн багш биш ч гэлээ улс орнуудад, иргэдэд нь шинэ технологи, шинэ дэвшлийг авч ирдэг. Монголын боловсролын сургалтын хөтөлбөрийг харахад шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ гэж тусгасан байна. Үүнийг манай сайн дурын ажилтнууд маш сайн хийдэг. Бид ч бас та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно” гэв.